0

ОХУ-ын Краснодарын хязгаарын Хар тэнгисийн эрэгт байрлах Архипо-Осиповка тосгоны ойролцоох далайн эрэгт өчигдөр /2026.08.03/ дрон унаж дэлбэрсний улмаас долоон хүн амиа алдаж, 40 хүн гэмтжээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байжээ. Гэмтэж бэртсэн 40 иргэнээс 21 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Ослын бичлэгийг BBC баталгаажуулсан бөгөөд дүрс бичлэгт дрон хад асгатай эрэг рүү хурдтай нисэн ирж, далайн эрэг дээр дэлбэрэх агшин харагдсан байна. Тухайн үед олон жуулчин эрэг дээр болон усанд амарч байжээ.
Краснодарын хязгаарын захирагч Вениамин Кондратьев уг халдлагыг "энгийн иргэдийг онилсон санаатай цохилт" хэмээн буруутгаж, хариуцлагыг Украинд тохсон байна. Харин Украины тал энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд мөргөлдөөнд оролцогч хоёр тал энгийн иргэдийг зориудаар онилдоггүй гэж мэдэгдсээр ирсэн.
Дрон ямар объектыг онилсон нь одоогоор тодорхойгүй байна. Украины зарим Telegram сувгийн мэдээлснээр дроны дохио цахим саатлын нөлөөгөөр тасалдсаны улмаас далайн эрэг дээр унасан байж болзошгүй аж. Харин орон нутгийн зарим гэрч дэлбэрэлтийн өмнө буун дуу сонсогдсон нь агаарын довтолгооноос хамгаалах систем дроныг устгахыг оролдсон байж магадгүйг илтгэж байна.
Орон нутгийн иргэд, жуулчдын ярьснаар халдлага болохоос өмнө агаарын түгшүүрийн дохио дуугараагүй бөгөөд хүмүүс нарны сандлын ард нуугдан хоргодсон байна. Зарим нь дэлбэрэлтийн өмнө автомат бууны мэт чимээ сонссон гэжээ.
Сүүлийн саруудад Украин ОХУ-ын гүн дэх цэргийн зориулалттай гэж үздэг эрчим хүчний байгууламж, агуулахуудыг алсын зайн дроноор онилох ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм. Үүний зэрэгцээ Орос улс ч Украины хот, суурин газруудад пуужингийн цохилт өгсөөр байгаа бөгөөд энгийн иргэдийн амь нас эрсдэх тохиолдол үргэлжилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.