0

Аргентины хөлбөмбөгийн од Лионель Мессигийн аав, олон жилийн турш түүний төлөөлөгчөөр ажилласан Хорхе Месси өчигдөр буюу наймдугаар сарын 9-нд 68 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр Аргентины Росарио хотын эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгийн захирал Карлос Макки нас барсныг нь баталсан байна. Харин ар гэрийнх нь хүсэлтийг хүндэтгэн нас баралтын шалтгааны талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй гэжээ.
Хорхе Месси хүү Лионелийнхоо хөлбөмбөгийн замналын турш хамгийн ойрын зөвлөх, төлөөлөгчдийн нэг байсан бөгөөд Барселона, ПСЖ, Интер Майами болон Аргентины шигшээ багийн чухал үеүүдэд түүний дэргэд байжээ.
Лионель Месси багадаа тоглож байсан Newell’s Old Boys клуб түүний нас барсанд эмгэнэл илэрхийлж, “Лионелийн карьерын амжилтын ард Хорхегийн дэмжлэг, удирдамж, хайр халамж чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн дурссан байна.
Мөн Аргентины Хөлбөмбөгийн холбоо, Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL), Испанийн Хөлбөмбөгийн хааны холбоо болон UNICEF-ээс Мессигийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Хорхе Мессигийн эрүүл мэндийн асуудлын талаар гэр бүл нь 2026 оны ДАШТ-ий үеэр мэдээлж, эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь сайжирч байгаа гэж тухайн үед мэдэгдэж байсан юм. Нас барсан шалтгаан нь өмнө мэдээлж байсан эрүүл мэндийн асуудалтай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.