0

Бельгийн Зүүн Фландерс мужид байшин засварлаж байсан барилгын ажилчид хонгилын хананд нуусан, 9 сая орчим еврогоор үнэлэгдэх алтны гулдмай, зоос олжээ. Гэнэтийн олдворын жинхэнэ эзэмшигчийг тогтоохоор хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд таван жилийн хугацаанд эзэмшигч нь тодорхойгүй бол олсон ажилчид болон үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид алтны эзэмшлийн эрх үүсэх боломжтой аж.
Барилгын ажилчид шинэ бохирын шугам тавихаар өрөмдөж байхдаа хананд нуугдсан алтны санг санамсаргүйгээр илрүүлсэн байна.
Олсон алт нь гулдмай болон зоосноос бүрдэж байгаа бөгөөд нийт үнэ нь ойролцоогоор 9 сая евро буюу 7.6 сая фунт стерлингт хүрэхээр байгаа аж.
Ажилчид олдворыг өөрсдөө авч үлдэхийн оронд цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага алтны бүх хэсгийг аюулгүй газар шилжүүлж, байшинг нарийвчлан шалгажээ.
Одоогоор уг эрдэнэс хэнийх болох нь тодорхойгүй байна. Бельгийн хуулийн дагуу жинхэнэ эзэмшигч нь таван жилийн дотор гарч ирж, өмчлөх эрхээ нотлох боломжтой.
Хэрэв таван жилийн хугацаанд хэн ч эзэмшигчээр тодрохгүй бөгөөд алт нь гэмт хэргийн гаралтай болох нь тогтоогдохгүй бол эрдэнэсийг олсон хүн болон тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид хуваан авах боломжтой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.