0

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөвийг гаргалаа.
Баруун аймгуудын нутгаар Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Сэлэнгэ болон Төв аймгийн зүүн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Есдүгээр сарын эхний арав хоногт болон хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, уулаараа нойтон цас орох нөхцөл бүрдэх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар Хэнтий, Дорнодын хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Дорнодын нутаг болон Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй. Есдүгээр сарын эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр хур тунадас орж, уулаараа нойтон цас орох, салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар Өмнөговийн ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Өмнөговийн баруун хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Есдүгээр сарын эхний арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурах магадлалтай.
Цаг агаарын төлөвөөс харахад есдүгээр сард нутгийн зарим хэсгээр дулаан, хуурай байх боловч үе үе хүйтрэх, хур тунадас орох, уулаараа нойтон цас унах, салхи шуурга шуурах нөхцөлтэй байх тул иргэдийг цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.