0

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Балбад болсон хүчтэй үер, үерийн улмаас сураггүй болсон есөн солонгос иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаанд боломжит бүх нөөцөө дайчлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Тэрбээр гамшиг болсноос нэг хоногийн дараа буюу пүрэв гарагт Сөүл хот дахь Гадаад хэргийн яамны төв байранд яаралтай хуралдаан зохион байгуулж, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад “хэтрүүлсэн хариу арга хэмжээ гэж байхгүй” хэмээн онцолжээ.
Балбын Расува мужид усан цахилгаан станц барих ажилд оролцож байсан БНСУ-ын Өмнөд Зүүн эргийн цахилгаан эрчим хүчний компанийн гурван ажилтан, Doosan Enerbility компанийн зургаан ажилтан үерийн үеэр сураггүй болсон байна. Тэд тус улсын хэмжээнд сураггүй байгаа 820 гаруй хүний дунд багтаж байгаа бөгөөд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 270-ыг даваад байна.
Мөн Doosan Enerbility компанийн өөр 10 ажилтан гамшигт нэрвэгдсэн бүсэд Балба болон бусад улсын 200 орчим ажилтны хамт гацсан байжээ. Тэднээс есөн хүнийг пүрэв гарагт Балбын цэргийн нисдэг тэргээр аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Харин үлдсэн нэг ажилтан болох талбайн менежер хоёр солонгос дипломат ажилтны хамт орон нутгийн ажилчдыг бүрэн аврах хүртэл тухайн газарт үлдэхээр шийджээ.
БНСУ-ын Гадаад хэргийн яам эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 11 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай багийг Балба руу илгээсэн байна. Тус багт Гадаад хэргийн яамны дөрвөн албан хаагч, таван гал сөнөөгч, хоёр цагдаагийн алба хаагч багтжээ. Багийг гадаадад байгаа солонгос иргэдийн хамгаалалт, консулын асуудал хариуцсан Засгийн газрын төлөөлөгч Им Сан Ү ахалж байна.
Ерөнхийлөгч И Жэ Мён мөн одоогоор холбоо тасарсан есөн иргэнээс гадна гамшгийн бүс болон ойролцоох нутагт байгаа бусад солонгос иргэд өртсөн эсэхийг яаралтай тогтоохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Түүнчлэн Балбын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, дипломат бүх сувгийг ашиглан эрэн хайх, аврах ажиллагаанд шаардлагатай нөөцийг шуурхай дайчлах шаардлагатайг онцолсон байна.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён Балбын Гадаад хэргийн сайд Шишир Ханалтай утсаар ярьж, үерийн улмаас амиа алдсан иргэд болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн сураггүй болсон солонгос иргэдийг аль болох хурдан, аюулгүй аврахад Балбын талаас бүх талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Үүний зэрэгцээ Сөүл гамшгийн үеийн тусламж, эрт үеийн сэргээн босголтыг дэмжих зорилгоор Балбад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудаар дамжуулан 1 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Балбад жил бүр аялал жуулчлал, тэр дундаа Гималайн бүсэд явган аялал, уулын аялал хийхээр 20 мянга орчим солонгос иргэн зорчдог байна
Хуваалцах:
Балбын үерийн гамшгийн үеэр сураггүй болсон есөн иргэнээ аврахад БНСУ бүх нөөцөө дайчилна
4 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.