0

K-pop-ын Stray Kids хамтлагийн гишүүн Ли Ноу Балба улсад болсон хүчтэй үерийн гамшигт өртсөн иргэдэд туслах зорилгоор 100 сая вон буюу 72 мянга орчим ам.доллар хандивлажээ.
Түүний харьяалагддаг JYP Entertainment агентлагийн мэдээлснээр Ли Ноу наймдугаар сарын 28-нд олон улсын хүмүүнлэгийн болон хөгжлийн байгууллага болох Дэлхийн Зөнд хандив өргөсөн байна.
Хандивын хөрөнгийг үерийн улмаас хохирсон хүүхэд, гэр бүлүүдэд яаралтай тусламж үзүүлэх, амьжиргааг нь дэмжихэд зарцуулах юм. Тодруулбал, хүнс, хоол тэжээлийн тусламж, түр орон байр, цэвэр ус, ариун цэврийн хөтөлбөрүүдэд зориулна.
“Миний энэ жижигхэн үйлдэл хүнд хэцүү цаг үеийг туулж буй хүмүүст бага ч гэсэн хүч өгөх болно гэж найдаж байна. Үерийн улмаас хохирсон иргэд болон тусламжийн үйл ажиллагаанд оролцож буй бүх хүн аль болох хурдан амар тайван амьдралдаа эргэн ороосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн Ли Ноу хэлжээ.
Ли Ноу өмнө нь ч нийгмийн сайн сайхны төлөө тогтмол хандив өргөж ирсэн байна. Тэрбээр 2014 оноос Дэлхийн Зөн байгууллагаар дамжуулан гадаадын хүүхдүүдийг ивээн тэтгэж эхэлсэн бөгөөд 2024 онд дэлхийн хамгийн ядуу орнуудын хүүхдүүдэд зориулсан хүнсний хямралын хариу арга хэмжээнд 100 сая вон хандивлаж байжээ.
Мөн 2025 онд Samsung Seoul Hospital-д нийт 200 сая вон хандивлаж, хүнд өвчтэй хүүхэд болон насанд хүрсэн өвчтөнүүдийн эмчилгээ, асаргааны зардлыг дэмжсэн байна. Түүнчлэн муур аврах үйл ажиллагаа явуулдаг Nabia Saranghae байгууллагад хандив өргөжээ.
Ли Ноу болон Stray Kids хамтлагийн гишүүд энэ онд БНСУ-ын Кёнсан мужид гарсан ойн түймрийн дараах сэргээн босголт, мөн Хонконгт гарсан түймрийн хохирлыг арилгах ажилд тус тус хандив өргөсөн байна.
Stray Kids хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “DO IT” цомог наймдугаар сарын 7-нд худалдаанд гарсан бөгөөд тус хамтлагийн дэлхийн аялан тоглолт үргэлжилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.