0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны зургаадугаар сард болно. Энэ удаагийн парламентад суудалтай МАН, АН, ХҮН, ИЗНН-уудаас гадна Үндэсний эвсэл нэр дэвшигчээ сонгуульд нэр дэвшүүлэх юм.
Мэдээж гол өрсөлдөөн МАН, АН-ын нэр дэвшигчдийн дунд өрнөх нь. Энэ хоёр намын өрсөлдөгч нарын дунд хамгийн гол өрсөлдөөн болох нь гарцаагүй.
Одоогоор,
Хөлдөө жороотой /Лу.Гантөмөр АН/
Хүзүүндээ молцогтой /О.Цогтгэрэл АН/
Чонон хоёр чихтэй /Г.Занданшатар МАН/
Цолмон хоёр нүдтэй /Ж.Энхбаяр МАН/
Толгойгоороо тоглодог /Б.Пүрэвдорж АН/
Тоосноосоо бусгадаг /С.Бямбацогт МАН/
Сүүлээрээ тоглодог /Б.Жавхлан МАН/
Сүүдэрнээсээ бусгадаг /Н.Алтанхуяг АН/ нарын нэрс яригдаж, бичигдэж байна.
Гомбожавын ЗАНДАНШАТАР
Эрх баригчдын зүгээс хэнийгээ нэр дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ нам доторх сунгаа нь ил тод яваад эхэлсэн. Ерөнхий сайдын суудлаас буухтайгаа зэрэгцэн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж эхэллээ хэмээн яригдах болсон Г.Занданшатар одоогоор судалгааг тэргүүлж байгаа гэх мэдээлэл үе үе сошиал орчинд сэвэгдэж байна. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин бүдэрсэн түүний хувьд магадлал хамгийн өндөр. Улс төрийн карьерын хувьд маш одтой улс төрч хэмээн нэрлэгддэг. Цахим орчинд өөрийгөө илтэд сурталчилах болсон тэрээр улс төрийн замналаа Төрийн тэргүүнээр үргэлжлүүлэхийн тулд бүтэн нойртой хонож чадахгүй яваа хүмүүсийн нэг.
Жадамбын ЭНХБАЯР
Дараагийн хамгийн боломжит хувилбар нь Ж.Энхбаяр. Улс төрийн хувьд туулсан замнал нь Г.Занданшатараас дутахгүй. Гэсэн ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох нь хэмээн нэрлэгддэг ч аль ч албан тушаалд тухал байгаагүй. Гадаад орчин нөхцөл таагүй энэ үед үндэсний аюулгүй байдлын талаар бусад горилогчдоосоо мэдлэг, туршлага хавь илүү. Түүний хувьд “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV” аян зэрэг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд дотоодын хүнсний хэрэгцээг бүрдүүлэх томоохон санаачилгуудыг эхлүүлэн гардан гүйцэтгэж байсан нэгэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа ч МАН-аас нэр дэвших хамгийн боломжтой хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байна.
Сандагийн БЯМБАЦОГТ
Эрх баригч намын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой дараагийн дүр нь мэдээж УИХ-ын дарга С.Бямбацогт. Ховд аймгаас УИХ-д тав дахь удаагаа сонгогдсон хоншоортой нэгэн. Ж.Эрдэнбатын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам, тээвэр хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд, Г.Занданшатарын Засгийн газарт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, одоо УИХ-ын даргаар ажиллаж байгаа. Аль ч цаг үед хэнтэй ч зам мөр нийлж чаддаг нэгэн. УИХ-ын дарга болохын тулд АН-ын шахаанд орж намаасаа түдгэлзэнэ хэмээн мэдэгдсэн ч одоогоор намаасаа түдгэлзээгүй яваа. Ирэх хаврын чуулганы үеэр АН-ын улс төр түүнийг УИХ-ын даргаар ажиллуулахын тулд намаас нь түдгэлзүүлэх зам руу оруулах бор шувуу нисэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдсэн ч эр хүний дотор эмээл, хазаартай морь байх нь гарцаагүй.
Болдын ЖАВХЛАН
Болдын Жавхлангийн улс төрийн карьер Сангийн сайдаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж шилжсэн. Сангийн сайдын албан тушаалыг 2022-2026 оны хооронд ажилласан. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайн бол түүний гавьяа, муу бол түүний гай гэж хэлж болно. УИХ-ын дарга болохоор хөөцөлдсөн ч “зад загнуулаад” байнгын хороон дээр унасан гэх яриа Төрийн ордонд гарч байлаа. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хэлснээр УБТЗ-д ажиллаж байсан С.Батдөл гэрээсээ долоон тэрбум төгрөгтэй гардуулсан. Эзэн нь Б.Жавхлан гэж байсан удаатай. Гэсэн ч өөрөө эрс үгүйсгэсэн. Н.Учралын Засгийн газар огцорвол дараагийн Ерөнхий сайд хэмээн яригдаж эхэлсэн. Ирэх өдрүүдийн улс төр түүнийг харуулах биз ээ.
Одонгийн ЦОГТГЭРЭЛ
О.Цогтгэрэлийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нүд нүүрэндээ мэс засал хийлгэсэн гэх яриа гарав. Улс төрийн хүрээнд намын даргын имиж, зангараг аль аль талаараа дутуу байна хэмээн хүлээлтэд хүрэхгүй яваа улс төрчөөр түүнийг нэрлэж болно. Сөрөг хүчний намын даргын хувьд сул, бөөрөнхий хэмээн рейтинг нь өсөхгүй яваа ч битүү хатуу өөрийгөө сойж уяа сойлгоо тааруулж байгаа гэх юм билээ. Түүний хувьд АН-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын суудалд давхар заларсан. Бүлгийн даргаа өгчихвөл бүлэг нь намын даргын үгэнд орохгүй тул давхар албан тушаал хашиж байгаа талаар яригдаж буй.
Лувсаннямын ГАНТӨМӨР
Тэрээр 2024 онд Л.Оюун-Эрдэнийн халаасанд гүйж ороогүй бол АН парламентад олонх болох боломжтой байсан. Харамсалтай нь намаа бүхэлд нь МАН-д бадар болгон барьж өөрөө Тэргүүн шадар сайд болсон хэмээн намынхан нь өнөөдөр ч түүнийг ярьж байгаа. Сэлэнгэчүүдийг хятад цустай хэмээн солиорсон ч өдгөө Сэлэнгийн нутгаар сонгуулийн пи араа хэлүүлчихсэн тууж явна. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнийг ярьснаар түүн шиг хэрэггүй хүн тус намд хэрэггүй гэдгийг зарлачихсан.
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ
Ардчилсан намаас нэр дэвших сонирхолтой хүмүүс дотроо хамгийн боломжит хувилбар хэмээн нэрлэгдэж байна. Ховд аймгаас гурван удаа дарааллан сонгогдож, АН сөрөг хүчин байсан он жилүүдэд тэрээр дуу хоолой нь болж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлэгддэг. Намынхаа бусад гишүүдийг бодвол 21 аймгаар тойрч иргэдийнхээ санал хүсэлтийг сонссчихдог тул түүнээс өөр боломжит хувилбар одоогоор байхгүй.
Норовын АЛТАНХУЯГ
Дур эзнээ голохгүй, дунд чөлөг сүүжээ голохгүй гэдэг үг түүнд зориулагдсан мэт. 2012-2016 онд Ардчилсан нам засагласан он жилүүдэд Ерөнхий сайдын албыг залгуулж байлаа. Эдийн засгийн өсөлт идэвхжсэн он жилүүдэд тэр боломжийг ашиглаж чадаагүй хэмээн шүүмжлүүлдэг. Энхийн цагаан тагтаан дүрээр ард түмний өмнө гарч ирж “жиргэж” чаддаг нэгэн. Улс төр хийх, хөрсөн дээрээ бууж иргэдийн амьдралтай танилцах тэс өөр. Иргэдэд боломж, улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудалд хэн аль нэг эрх ашигт үйлчлэлгүй шийдвэр гаргах вэ гэдэг асуулт тэднийг хүлээж байна.
Ийм хэдэн горилогчтойгоор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг бид угтах нь. МАН, АН аль аль нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ ард түмнээсээ асууна гэж байгаа ч эцсийн мөчид улс төрийн фракциудын шийдвэрээр энэ бүх процесс цааш өрнөж таарна.
Ер нь парламентад суугаа 126 гишүүнээс 50 гаруй нь Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох бүрэн боломжтой нас, зүсэд хүрээд байгаа юм билээ. Тиймээс битүү морь сунгаанд цойлох боломж ч бий.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.