0

АНУ-ын Лос Анжелес хот Өмнөд Солонгосын BTS хамтлагийн тоглолтыг тохиолдуулан есдүгээр сарын 1-8-ны өдрийг албан ёсоор “BTS-ийн долоо хоног” болгон зарлалаа.
Тус хамтлагийн дэлхийн аялан тоглолтын хүрээнд Лос Анжелес хотын “Софи” цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 1, 2, 5, 6-нд нийт дөрвөн тоглолт хийх бөгөөд тоглолтын бүх тасалбар борлуулалт эхэлснээс хойш богино хугацаанд дууссан байна.
“BTS-ийн долоо хоног”-ийн хүрээнд Лос Анжелес хотын захиргааны байрыг есдүгээр сарын 1-нд улаан өнгөөр гэрэлтүүлэхээр болжээ. Уг өнгө нь BTS хамтлагийн шинэ цомгийн үндсэн өнгийг бэлгэдэж байгаа аж.
“BTS-ийн долоо хоног”-ийг зарлах албан ёсны арга хэмжээ наймдугаар сарын 31-нд хотын захиргаанд болж, хотын зөвлөлийн гишүүд, аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл болон хамтлагийн төлөөлөгчид оролцжээ.
Лос Анжелес хотын дарга Карен Басс BTS хамтлагийн дэлхийн хөгжим, соёлд оруулсан хувь нэмрийг онцолж, урлаг, соёл нь өөр өөр нийгэмлэг, улс орны хүмүүсийг холбож, харилцан ойлголцлыг бий болгоход чухал үүрэгтэйг тэмдэглэсэн байна.
Хотын зөвлөлийн тогтоолд BTS хамтлаг 2013 онд уран бүтээлийн гараагаа эхэлснээсээ хойш дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болж, Өмнөд Солонгос болон Азийн бусад уран бүтээлчдэд дэлхийн зах зээлд гарах замыг нээхэд хувь нэмэр оруулсан гэж дурджээ.
Мөн тус хамтлагийн өөрийгөө хайрлах, өөртөө итгэх итгэлийг дэмжсэн дуу, уран бүтээл, нийгмийн үйл ажиллагаанууд нь хэл, соёл, насны ялгааг даван дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг холбож, Өмнөд Солонгосын соёлыг олон улсад таниулахад чухал нөлөө үзүүлсэн гэж үнэлсэн байна.
BTS хамтлаг Лос Анжелес хотод хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард тоглолтоо хийсэн бөгөөд энэ удаагийн дөрвөн тоглолт нь тус хотод хийж буй эргэн ирэлт болж байна.
Түүнчлэн BTS хамтлагийн аялан тоглолтын өмнөх зогсоолууд болох АНУ-ын Техас мужийн Эль Пасо, Иллинойс муж болон Канадын Торонто хотод тус хамтлагийн тоглолтыг тохиолдуулан “BTS-ийн өдөр”, “BTS-ийн долоо хоног” зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.