0

Улсын ургацын комиссын хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2026 оны ургацын урьдчилсан балансын танилцуулга, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, үр тарианы таримлын болц, ургац хураалтын технологийн онцлогийн талаарх зөвлөмж болон Улсын ургацын комиссын гишүүдийн мэдээллийг сонсов.
Улсын ургацын комиссын хурлыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат үг хэллээ. Дэлхий нийтийг хамарсан геополитик нөхцөл байдал ялангуяа хөрш орнуудад үүссэн дайны улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл учирч байгаа энэ хүнд цаг үед үндсэн нэр төрлийн таримлыг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангах, үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр төрөөс олон чухал шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгааг сайд онцоллоо.
Тухайлбал, “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн технологит ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий 138.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож дэмжлэг үзүүлжээ. “Хүнс хөдөө аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 286 дугаар тогтоолыг эрчимжүүлэх, шуурхай зохион байгуулах, өвөлжилт, хаваржилт болон ургац хураалтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Уг тогтоолын хүрээнд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон ажил эрчимтэй эрж байгаа иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд татан оролцуулахаар шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулснаар эхний ээлжид Зэвсэгт хүчний жанжин шатбаас 2300 цэргийн албан хаагч, Хөдөө аж ахуйн их сургуулиас 500 гаруй оюутан, залуучуудыг гэрээ байгуулан ургацын ажилд гарахаар болж байгааг сайд Ц.Идэрбат мэдээлэлдээ дурдлаа.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхний 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангах шаардлагатай байгааг Улсын ургацын комиссын дарга онцлов.
Улсын ургацын комиссын хуралдаанаар ХХААХҮЯ болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнуудын танилцуулга, мэдээллийг сонсож, Комиссын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Мөн Улсын ургацын комиссын гишүүн, Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны тэргүүн С.Батболд, Төв аймгийн ХХААГ-ын дарга Л.Даваасүрэн, Автотээврийн Үндэсний төвийн захирал Ц.Батсайхан нарын гишүүд ургац хураалтад хүн хүч татан авах зохион байгуулалтыг сайтар зохион байгуулах, түлш тасалдахгүй байхад анхаарах асуудлаар асуулт асууж, санал хэллээ.
Хуралдааны төгсгөлд ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат комиссын гишүүд болон холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өглөө. Ургац хураалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай уг албан даалгаварт ургацыг мал, амьтнаас хамгаалах ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан ургацын мэдээг үнэн зөв, шуурхай гаргаж, улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулахад онцгой анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, ургац хураалтын ажилд оюутан залуучууд, цэргийн алба хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох яам, агентлагийн удирдлагуудад тус тус даалгажээ.
Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажилд шаардагдах 12 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэх, тасралтгүй найдвартай хангахыг АҮЭБЯ болон Ашигт малтмал, газрын тосны газар, “Хөдөө аж ахуйн корпораци”-ийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
Энэ жилийн хувд таримлын болц харьцангуй жигд байгаа ч, урьд жилүүдээс ургац хураалтын ажил 5-10 орчим хоногийн хойно эхлэж байгаа тул ургацыг богино хугацаанд хураан авах, ажиллах хүн, хүчний хуваарилалтыг шуурхай зохицуулах, шатахууны хангамж, нийлүүлэлтийг тариалангийн бүсүүдэд тогтвортой байлгах, байнга хянаж мэдээлэх, зам гүүрийн эвдрэлийг шуурхай засварлах, хураалтын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх, ургац тээвэрт дэмжлэг үзүүлэх зэрэгт холбогдох албан тушаалтнууд онцгой анхаарах шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат онцоллоо.
2026 ОНД:
- Энэ оны ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байна.
Балансаас харахад хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна.
- Улаанбуудай, төмс, хүнсний ногооны хангамж, үнийг тогтворжуулах зорилгоор 2026 оны намрын ургацаас 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, анх удаа улсын хэмжээнд 12.0 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхээр санхүүжилтийг төсвийн тодотголд тусгаад байна.
- Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557.3 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас өнөөдрийн байдлаар гурлын үйлдвэрүүд болон ХААК ТӨХХК-д нийт 61.1 мянган тонн улаанбуудайн үлдэгдэлтэй байна. Тус яамны харъяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 186.0 мянган тонн хүнсний буудай хадгалах хүчин чадал бүхий элеватортой бөгөөд элеваторын засвар үйлчилгээг хийлгэж буудай хүлээн авах бэлтгэлийг хангаж байгаагийн зэрэгцээ зарим элеваторуудыг гурилын үйлдвэрүүд түрээсээр ашиглуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.






Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.