dobu.mndobu

БНСУ, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд нар хоёр талын уулзалт хийлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-08

БНСУ, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд нар хоёр талын уулзалт хийлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д зохион байгуулагдаж буй “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ” олон улсын арга хэмжээнд энэ сарын 7-9-ний өдрүүдэд оролцож байна.

Энэ үеэр БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын дэд сайд И Дү Хи Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамбатай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль, Монгол, БНСУ-ын инженерийн хамтарсан “Гүүр” сургалт, тусгай хүчний хамтарсан сургалт, цэргийн боловсролын салбарын харилцан солилцоог өргөжүүлэх, мөн хоёр талын тогтмол уулзалт, зөвлөлдөх механизмыг идэвхжүүлэх зэрэг хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдаг болохыг онцлоод, БНАСАУ болон БНСУ-тай найрсаг харилцаатай орны хувьд Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах, талууд энх тайвнаар зэрэгцэн оршиход дипломат шугамаар дэмжлэг үзүүлэхэд Монгол Улс үргэлж бэлэн байгааг илэрхийлэв.

Хоёр улсын дэд сайд нар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэн тасралтгүй хөгжүүлж, ирээдүйд чиглэсэн, харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.