0

Хятадад 22 настай эрэгтэй 10 минутын дотор 1.5 литр Кока-Кола уусны дараа биед нь их хэмжээний хий хуримтлагдаж, улмаар нас барсан гэх ховор тохиолдол бүртгэгджээ. Түүний үхэлтэй холбоотой тохиолдлыг “Clinics and Research in Hepatology and Gastroenterology” эмнэлгийн сэтгүүлд нийтэлсэн байна.
Тус мэдээлэлд дурдсанаар, 22 настай залуу халуун цаг агаарт цангаагаа тайлахын тулд 1.5 литрийн савтай Кока-Колаг ердөө 10 минутын дотор уусан аж. Үүнээс зургаан цагийн дараа гэдэс нь хүчтэй дүүрч, хэвлийгээр нь өвдөж эхэлсэн тул Бээжин хотын Чаоян эмнэлэгт ханджээ.
Эмнэлэгт хийсэн шинжилгээгээр түүний зүрхний цохилт хурдасч, цусны даралт буурсан бөгөөд амьсгал нь түргэссэн байв. Түүнд ямар нэгэн суурь өвчин байсан гэх мэдээлэл байгаагүй ч компьютер томографийн шинжилгээгээр гэдэсний хананд болон элэг рүү цус хүргэдэг хаалган венийн судсанд хэвийн бус хэмжээгээр хий хуримтлагдсан нь илэрчээ.
Үүний улмаас элэг хүчилтөрөгчийн дутагдалд орж, элэгний цусан хангамжийн хүнд алдагдал үүссэн гэж эмч нар үзсэн байна.
Эмч нар түүний хоол боловсруулах замд хуримтлагдсан хийг гаргахын зэрэгцээ элэг болон бусад эрхтнийг цаашид гэмтэхээс хамгаалах эмчилгээ хийжээ. Гэвч өвчтөний биеийн байдал сайжраагүй бөгөөд эмчилгээ эхэлснээс хойш 18 цагийн дараа нас барсан байна.
Гэсэн хэдий ч зарим эмнэлгийн мэргэжилтэн түүний үхлийг зөвхөн Кока-Кола их хэмжээгээр уусантай шууд холбон тайлбарлах нь эргэлзээтэй гэж үзжээ.
Лондонгийн их сургуулийн коллежийн биохимийн профессор Натан Дэвис 1.5 литр хийжүүлсэн ундааг богино хугацаанд уусан нь дангаараа үхэлд хүргэх магадлал “маш, маш бага” гэж тайлбарласан байна.
Түүний үзэж байгаагаар өвчтөний гэдэсний хананд хий үүсгэх чадвартай бактерийн халдвар байсан бөгөөд үүний улмаас хий хуримтлагдан, улмаар хаалган венийн судсанд нэвтэрсэн байх боломжтой аж.
Профессор Дэвис хийжүүлсэн ундаа тухайн хүний биеийн байдлыг улам хүндрүүлсэн байж болох ч нас баралтын гол шалтгаан байсан гэж шууд дүгнэхэд хангалттай мэдээлэл байхгүйг онцолсон байна.
Ерөнхийдөө хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэхтэй холбоотой эрүүл мэндийн асуудал нь ийм гэнэтийн, хүнд хэлбэрээр илрэхээс илүү удаан хугацаанд үүсдэг байна. Өмнөх судалгаануудад хийжүүлсэн чихэрлэг ундааг тогтмол хэрэглэх нь таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрхний шигдээс, харвалт зэрэг эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой байж болохыг тогтоожээ.
Иймээс 22 настай залуугийн үхлийг Кока-Кола ууснаас шууд болсон гэж үзэхээс илүүтэй, хийжүүлсэн ундаа түүний биеийн байдалд нөлөөлсөн эсэх болон гэдэсний хананд хий хуримтлагдсан шалтгааныг цаашид нарийвчлан тогтоох шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.