dobu.mndobu

Монгол, БНСУ-ын цэргийн инженерүүдийн хамтарсан “Гүүр-2026” сургалт эхэллээ

Монгол, БНСУ-ын цэргийн инженерүүдийн хамтарсан “Гүүр-2026” сургалт эхэллээ

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцан ажиллагааг дээшлүүлэх, цэргийн инженерийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Гүүр-2026” хамтарсан сургалт хоёрдахь жилдээ эхэллээ.

Хамтарсан сургалт дадлагын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Мөнхбат, БНСУ-ын Зэвсэгт хүчний инженерийн газрын дарга, бригадын генерал Ли Хёк Жүн, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа Нам Гён Жүн нар оролцлоо.

Хурандаа Г.Эрдэнэбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Гүүр-2026" сургалт нь цэргийн инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна хоёр орны цэргийн алба хаагчид мөр зэрэгцэн ажиллаж, туршлага солилцох, хамтран суралцах, бие биеэсээ шинэ мэдлэг, арга барил эзэмших бодит боломж гэдгийг онцлон тэмдэглэлээ.

БНСУ-ын Зэвсэгт хүчний Инженерийн газрын дарга, бригадын генерал Ли Хёк Жүн “Монголын сайхан оронд хүрэлцэн ирэхэд биднийг найрсаг, дотноор угтан авсан цэргийн нөхдөдөө талархал илэрхийлье. Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаанд чухал байр суурь эзлэх болсон "Гүүр" хамтарсан сургалт, дадлагын нээлтэд биечлэн оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү сургалт нь хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй инженерийн цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг ахиулахад гүүр болох өндөр ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Хамтарсан сургалтын нээлтийн арга хэмжээний дараа Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан БНСУ-ын цэргийн алба хаагчдад Монголын өв соёл, ёс заншлыг таниулах бэсрэг наадмыг зохион байгууллаа. "Гүүр-2026" сургалт, дадлага 09 дүгээр сарын 07-ноос 20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.