0

Жүжигчин Анжелина Жолигийн бүтээсэн дүрээс олон хүүхэд айж байсан ч түүний охин Вивьен ээжээсээ огт айгаагүй учир “Малефисент” кинонд бяцхан Аврора гүнжийн дүрд тогложээ.
2014 онд нээлтээ хийсэн тус кинонд Анжелина Жоли үлгэрийн хорон санаат эмэгтэй Малефисентийн дүрийг бүтээсэн юм. Дүрийнхээ төрхийг гаргахын тулд том эвэр, хурц төрх, цайвар нүүр будалт, өвөрмөц хувцас нь түүнийг нэлээд сүрдмээр харагдуулжээ.
Бяцхан Аврорагийн дүрд тоглох хүүхдийг сонгох үеэр зарим хүүхэд Жолигийн дүрээс айж, түүнтэй ойртохоос хүртэл эмээж байсан байна. Харин тухайн үед таван настай байсан Вивьен ээжийнхээ хувирсан төрхөөс айгаагүй тул уг дүрд сонгогджээ.
Вивьен зураг авалтын үеэр ч багагүй хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлсэн байна. Тухайлбал, эрвээхэй барих хэсгийн зураг авалтын үеэр дүрдээ орох дургүй байсан тул Жоли охиноо инээлгэж, хөглөхийн тулд өөрөө бүжиглэж, элдвээр тогложээ. Ингэснээр охин тайвширч, зураг авалтаа үргэлжлүүлсэн байна.
Малефисентийн дүрийн бас нэг онцлог болсон зүйл нь түүний гүн, сүртэй хоолой. Жоли энэ хоолойгоо гэртээ хүүхдүүдээ усанд оруулж байхдаа туршиж олсон гэдэг. Тэрбээр өөр өөр өнгөөр ярьж үзсээр дүрийнхээ төрхтэй зохицох хоолойг бүтээжээ.
Сонирхолтой нь Жолигийн бусад хүүхдүүд ч тус киноны зарим хэсэгт богино хугацаанд тоглосон байна. Гэхдээ Жоли хүүхдүүдээ жүжигчин болгохыг зорьдоггүй, харин кинонд тоглосон нь тэдэнд хөгжилтэй дурсамж үлдээхээсэй гэж хүсдэгээ ярьж байжээ.
Ийнхүү бусад хүүхдүүдэд аймшигтай санагдсан Малефисент нэг бяцхан охинд огтхон ч аймшигтай байсангүй. Учир нь сүрдмээр төрхийн цаана түүний хайртай ээж нь байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.