0

Хангайн болон баруун аймгуудад өрнөж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут төрийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид иргэд, хүүхэд, залуучуудтай уулзан УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа.
Энэ үеэр сайд Д.Батлут хүүхэд, залууст эх оронч үзэл, хүмүүжил, сахилга хариуцлага, иргэний хамгаалалтын мэдлэгийг багаас нь төлөвшүүлэх “Цэрэг эх оронч үзэл-Цэрэгжилтийн хичээл”-ийг ГБХНХЯ, Боловсролын яамтай хамтран сэргээж, энэ жилээс нийслэлийн болон орон нутгийн нийт таван Ерөнхий боловсролын сургуульд туршилтын журмаар хичээллэж эхэлснийг онцлон танилцуулсан юм.
Тодруулбал, цэцэрлэгийн түвшинд “Миний эх орон”, бага боловсролд хүндлэхүйн ухаан, иргэний ёс зүй, суурь боловсролд Монгол цэргийн түүх, ахлах ангид цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэлийн агуулгыг үе шаттай нэвтрүүлж, хүүхэд, залуусыг эх оронч, хариуцлагатай, бэлтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхээр ажиллаж байна.
“Эх оронч Монгол” өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймагт иргэд, залууст зориулсан эх оронч үзэл, хүмүүжлийн хичээл, цэрэгжилтийн дадлага, зэвсэг, уулын хэрэгслийн үзэсгэлэн, Цэргийн төв эмнэлгийн үзлэг, Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэд, хүүхэд, залуучууд оролцлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.