0

Монгол Улсад 2025 онд 10–19 насны нийт 2,868 охин жирэмсэн болсон байна. Энэ нь өмнөх оноос 407 тохиолдлоор буюу 16.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Насны бүлгээр авч үзвэл, жирэмсэн болсон охидын дийлэнхийг 15–19 насныхан эзэлжээ. Тодруулбал, 2025 онд 15–19 насны 2,640 охин, 10–14 насны 228 охин жирэмсэн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд 15–19 насны 2,317, 10–14 насны 144 охин жирэмсэн болж байжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд 15–19 насныхны жирэмслэлт 323 тохиолдлоор, 10–14 насныхны жирэмслэлт 84 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Гэсэн хэдий ч өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо нэмэгдсэнтэй зэрэгцэн төрөлтийн түвшин өсөөгүй байна. 2025 онд өсвөр насны охидын 1,000 хүнд ногдох төрөлтийн түвшин 14.7 болж, өмнөх оноос нэг нэгжээр буурчээ.
Мөн 2025 онд 1,000 хүнд ногдох үр хөндөлтийн түвшин 4 байгаа нь өмнөх оны үзүүлэлттэй ижил байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо сүүлийн таван жилд дараах байдлаар өөрчлөгджээ.
2021 онд – 2,357
2022 онд – 2,258
2023 онд – 2,157
2024 онд – 2,461
2025 онд – 2,868
Ингэснээр 2021–2023 онд буурч байсан өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо 2024 оноос дахин өсөж, 2025 онд сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Харин жирэмслэлтийн тоо өссөн хэдий ч 1,000 хүнд ногдох төрөлтийн түвшин өмнөх оноос буурсан бөгөөд үр хөндөлтийн түвшин өөрчлөгдөөгүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.