0

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй 13 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцох үеэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, генерал Хамлианг Оутхакайсонтой хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өндрөөр үнэлж, цаашид харилцан итгэлцэлд тулгуурлан хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улс Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Лаос Улсыг чухал түншийн нэг хэмээн үздэгийг онцолж, батлан хамгаалах салбарын харилцааг идэвхжүүлэхийн зэрэгцээ энхийг дэмжих ажиллагаа, цэргийн боловсрол, сургалт, цэргийн эмнэлэг, анагаах ухаан болон цэргийн туслах аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэлээ.
Харин Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Шадар сайд, Батлан хамгаалахын сайд Хамлианг Оутхакайсоне Монголын талаас дэвшүүлсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр улсын цэргийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлов.
Уулзалтын төгсгөлд талууд тохиролцсон чиглэлүүдийн дагуу ажил хэрэгч хамтын ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.