dobu.mndobu

Монгол, Өвөр Монголын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, Өвөр Монголын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улс болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар талууд санал солилцлоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дэд дарга Сү Хэ тэргүүтэй албаныхан Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр тал багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх богино хугацааны сургалтын үр дүнг хэлэлцэж, цаашид тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Үүний дараа Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн “Өндөр түвшний хэрэглээний судалгааны их сургуулийн хөгжлийн их хурал”-д оролцлоо.

Энэ үеэр ШУТИС болон ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн хамтын ажиллагааны 40 жилийн ой тохиож буйг онцолж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагаанд тулгуурлан инженер, техникийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх шаардлагатайг талууд тэмдэглэв.

Мөн хурлын үеэр ШУТИС болон ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн хамтарсан “Олон улсын инженерийн сургууль” байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа.

Тус сургууль нь инженер, техникийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бэлтгэхээс гадна сургалт, судалгааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэх юм.

Монгол Улсын Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 284 дүгээр тогтоолоор тус сургуулийг байгуулах бэлтгэл ажлыг хангах шийдвэр гаргасан бол мөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор ШУТИС-ийн салбар “Олон улсын инженерийн сургууль” байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Монгол, Өвөр Монголын тал боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, инженер, техникийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ алхам хийж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.