dobu.mndobu

Үерийн эрсдэлийг 90 хүртэлх хувиар бууруулах төсөл хэрэгжинэ

Үерийн эрсдэлийг 90 хүртэлх хувиар бууруулах төсөл хэрэгжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн Банкны Бүсийн захирал Жулиа М.Фрэйзер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2026–2032 онд Дэлхийн Банкны зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажил, санхүүжилт болон цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын хурдацтай тэлэлт, гэр хорооллын төлөвлөлтгүй суурьшил нь хотын үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсэд 560 мянга орчим иргэн амьдарч, тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд байгаа юм.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй долоон байршилд нийт 66 км үерийн хамгаалалтын далан, суваг, 40 км борооны ус зайлуулах шугам хоолойг шинэчлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн бэлтгэл ажилтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа уулзалтын үеэр мэдээллээ.

Тухайлбал, төслийн ТЭЗҮ-ийг 100 хувь боловсруулж, холбогдох байгууллагын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн бол Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үргэлжлүүлэн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна.

Энэ төсөл нь Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчлэхээс гадна иргэдийн аюулгүй байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хотыг бий болгоход чиглэсэн стратегийн ач холбогдолтойг нийслэлийн удирдлага онцоллоо.

Улаанбаатар хотын зүгээс төслийг бэлтгэл үе шатнаас санхүүжилт, хэрэгжилтийн шатанд аль болох богино хугацаанд шилжүүлэхэд Дэлхийн Банк группээс хэд хэдэн чиглэлээр дэмжлэг хүссэн байна.

Үүнд төслийн үнэлгээ болон Дэлхийн Банкны дотоод батлах үйл явцыг үргэлжлүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн нөхцөлийг тохиролцоход хамтран ажиллах, төсөлд хамгийн тохиромжтой санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Мөн төслийн хэрэгжилтийн хугацааг алдагдуулахгүй байхад шаардлагатай үлдсэн ажлуудын талаар зөвлөмж, техникийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг Дэлхийн Банк группээс хүссэн байна.

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр үерийн эрсдэлийг 90 хүртэлх хувиар бууруулж, жилд 82.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.

Мөн иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг учирч болзошгүй хохирлоос хамгаалж, хотын эдийн засаг, нийгэмд олон талын үр өгөөж бий болно гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.