dobu.mndobu

Топ модель Х.Бадамгэрэл Хятад миссийн асуудлаар өнөөдөр ССАЖЗ-ын сайд Ч.Алдаржавхлантай уулзана

Топ модель Х.Бадамгэрэл Хятад миссийн асуудлаар өнөөдөр ССАЖЗ-ын сайд Ч.Алдаржавхлантай уулзана

“Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Хятад улсын иргэн оролцож буй асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монголын төрийн далбаа, нэр бүхий туузтайгаар оролцуулсан талаарх мэдээлэл тархсан юм.

Уг асуудалтай холбогдуулан топ модель Х.Бадамгэрэл тэмцээний зохион байгуулагчдад албан шаардлага бүхий цахим шуудан хүргүүлжээ. Тэрбээр Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэх болсон албан ёсны гэрээний үндэслэл, иргэншил болон Монгол Улстай холбоотой хууль ёсны үндэслэл, мөн Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын талаарх мэдээллийг ил болгохыг шаардсан байна.

Мөн Монгол Улсыг төлөөлөх асуудлыг тодруулах хүртэл “Mongolia” нэр, төрийн далбаа болон үндэсний төлөөллийн туузыг ашиглуулахыг түр зогсоох, хэрэв шаардлага хангаагүй нь тогтоогдвол бүртгэлийг цуцлах зэрэг шаардлагыг тавьжээ.

Х.Бадамгэрэл өнөөдөр энэ асуудлаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Алдаржавхлантай уулзах тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Уулзалтын үеэр зөвхөн уг тэмцээний асуудлаар болон Монголын загварын салбарт анхаарах шаардлагатай асуудлуудын талаар санал солилцохоо мэдэгджээ.

Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Тайланд Улсын Өргөмжит Консулд “Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Хятад улсын иргэнтэй холбоотой асуудлаар албан бичиг хүргүүлж, нөхцөл байдлыг тодруулахаар болжээ. 

Харин “Miss Grand International 2026” тэмцээний зохион байгуулагчдын зүгээс уг асуудлаар одоогоор дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй юм. Тэмцээний албан ёсны сайтад 2026 оны оролцогчдын жагсаалт нийтлэгдсэн бөгөөд Монгол Улсын төлөөлөгчийн асуудалтай холбоотой маргаан ийнхүү үргэлжилж байна

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.