0

Эс үйлдэхүй үзүүлж, нэгэндээ гомдсон, туньсан гэх шалтгаанаар УИХ-ын гишүүний тангаргаа зөрчиж, чуулганы хуралдаа шалтгаангүйгээр суухгүй байгаа УИХ-ын гишүүдийг эргүүлэн татаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэд Төв талбайд жагсаад цөөнгүй хоногийг үдэж байна.
Тэдгээр иргэдийн зарим нь Үндсэн хуулийн цэцэд хандаж, ард түмний өмнө өргөсөн тангаргаасаа няцаж, чуулгандаа шалтгаангүй суухгүй байгаа гишүүдийг дуудаж мэдээлэл авах, үндэслэлгүй тасалсан бол эргүүлж татах ёстой хэмээлээ. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Б.Сайнбаяр өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж “УИХ-ын гишүүн бол төр ард түмний төлөөлөл. Тэд бидний төлөө ажиллана гэж тангараг өргөсөн. Эдгээр хүмүүс өвчтэй хүн асрах, эсвэл өөрөө өвчтэй, хүндэтгэх шалтгаанаар чөлөө авсан, томилолттой гэсэн дөрвөн тохиолдолд л чуулганы хуралдаанаас чөлөөлөгддөг. Бусад тохиолдолд хуралдаа суух ёстой.
Гэтэл нэгэндээ гомдсон гэдэг шалтгаанаар хуралдаа суухгүй байгаа нь дэндүү ичгэвтэр, ёсзүйгүй асуудал юм. Үүнийг Цэц үндэслэлтэй шалгаж, тэднээс мэдээлэл авч, шаардлагагүй тасалсан бол гишүүний үүргээ биелүүлээгүй гэж буцаан татах ёстой. Эмч хүн тангараг өргөсөн атлаа “энэ хүнд гомдсон” гээд хагалгаа хийхгүй бол хуулийн өмнө очно. Цэрэг хүн “би ядарч байгаа учраас эх орноо хамгаалахгүй” гэвэл мөн л шүүхэд очно. Түүнтэй адил нэгэндээ гомдсон гэж хуралдаа суухгүй байх нь Цэцийн өмнө дуудагдах ноцтой шалтгаан” гэв.
Мөн Төв талбайд жагсаж буй иргэдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нарт албан ёсны шаардлага хүргүүлжээ.
Тус шаардлагад,
“-Өндөр настны тэтгэврийг 1.5-аас 2 сая төгрөгт хүргэх
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх.
Эдгээр асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед үүрэгт ажлаа биелүүлэхгүй, чуулганы хуралдаа суухгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцож, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн эрхийг нь дуусгавар болгох хүртэл арга хэмжээ авахыг шаардаж байна” гэжээ. УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан маргааш хуралдах тов гарсан бөгөөд энэхүү хуралдаа гишүүд суухгүй бол иргэдийн жагсаал улам эрчимжих бололтой.
Хуваалцах:
Чуулганы хуралдаа суухгүй байгаа гишүүдийг эргүүлж татахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна
4 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.