0

“Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нийслэлийн долоон дүүрэгт байрлах шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд биечлэн ажиллаа.
Тэрээр Баянзүрх дүүргийн шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллаж, борлуулагчид болон худалдан авагч иргэдтэй уулзан, бүтээгдэхүүний чанар, жин, хэмжээ, хүртээмжтэй холбоотой санал хүсэлтийг сонслоо.
“Тавантолгой түлш” ХХК энэ жил бүтээгдэхүүнийхээ чанар, жин, хэмжээ, хүртээмжид онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдэд газар дээр нь ажиллан, борлуулагчид болон иргэдийн санал хүсэлтийг сонсох нь чухал гэдгийг Гүйцэтгэх захирал онцоллоо.
Энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүн ашиглан түлш үйлдвэрлэхгүй бөгөөд зөвхөн нийслэлчүүдэд зориулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж, баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. Ингэснээр шинэ түүхий эд ашиглан илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.
Мөн түлшний жин, хэмжээ дутах асуудал гаргахгүй байх зорилгоор үйлдвэрт 25.5 кг-аар жингийн тохируулга хийсэн талаар борлуулагчид болон иргэдэд тайлбарлав.
Баянзүрх дүүргийн гэрээт борлуулагчдын зүгээс шахмал түлшний чанар, хүртээмж сайн, жин, хэмжээний асуудалгүй, борлуулалт хэвийн явагдаж байгааг хэлсэн байна. Харин ачаалалтай үед “Хотула” аппликейшн гацах хүндрэл гардаг бөгөөд иргэд түлшийг их хэмжээгээр авах хүсэлт гаргадаг талаар уламжилжээ.
Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн иргэдийн түлшээ нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжийн нөхцөл байдлаас шалтгаалан одоогоор нэг иргэнд долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгааг тайлбарлалаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ жил шахмал түлшний борлуулалтын 109 цэг ажиллаж байгаа бөгөөд эдгээр цэгт өдөр бүр 5 тонн түлш буулгаж, борлуулалтад гаргаж байна.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.