dobu.mndobu

МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө

МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө

“Тавантолгой түлш” ХХК Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийн ажил зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дунд шатны хороодын арга зүйчид, өсвөрийн улаан загалмайчид болон сайн дурын идэвхтнүүдэд зориулсан мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагааны үеэр шахмал түлшний шинж чанар, үйлдвэрлэл, зөв хэрэглээ, агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар танилцуулж, анхны тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл өгсөн байна.

Сургалтын зорилго нь сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан айл өрхүүдэд шахмал түлшний зөв хэрэглээг сурталчлах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээхэд чиглэжээ.

Мөн зуух, пийшинг түлшээр хэт дүүргэхгүй байх, түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндангийн сойлтыг хаахгүй байх, яндангаа авч өрхөө бүтээхгүй байх зэрэг галлагааны зөв дадлыг хэвшүүлэх нь угаарын хийн хордлогоос сэргийлэхэд чухал болохыг онцолсон байна.

Түүнчлэн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй, байнга асаалттай байлгаж, хэвийн ажиллагааг нь тогтмол шалгахыг зөвлөжээ.

НЭМҮТ-ийн судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш, галлагаанаас гадна бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Иймд агаар сэлгэлтийг тогтмол хийх, гэртээ тамхи татахгүй байх, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, гэр байшингаа дулаалах зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг зөвлөмжид дурджээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс шахмал түлшний чанарыг сайжруулахын зэрэгцээ иргэдийн зөв хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.