dobu.mndobu

Иранд эмэгтэйчүүдийг зэвсэгт сургалтад хамруулж эхэлжээ

Иранд эмэгтэйчүүдийг зэвсэгт сургалтад хамруулж эхэлжээ

Иран улс АНУ-ын болзошгүй шинэ цэргийн ажиллагаанаас хамгаалах бэлтгэл ажлын хүрээнд эмэгтэйчүүдийг зэвсэг хэрэглэх, хот доторх байлдааны ажиллагааны сургалтад хамруулж эхэлжээ.

Ираны хэвлэлүүдэд нийтлэгдсэн зураг, дүрс бичлэгт Тегеран хотын задгай сургалтын талбайд эмэгтэйчүүд, зарим нь цэргийн дүрэмт хувцастайгаар автомат буу ашиглаж суралцаж буй нь харагдсан байна.

Сургалтаар Калашников болон Драгуновын мэргэн буудагчийн буу зэрэг зэвсэгтэй танилцахаас гадна гранатомёт, мөрөн дээрээс харвах агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж ашиглах дадлага хийж байгаа аж. Мөн аврах ажиллагаа, гал түймэртэй тэмцэх, газар зүйн чиг баримжаа тогтоох зэрэг сургалтыг эмэгтэйчүүдэд зориулан явуулж байна.

Эдгээр сургалт нь Иран улс АНУ болон Израилийн цэргийн ажиллагааны дараа эхлүүлсэн “Jan-fada” буюу “амиа золиослогчид” хэмээн нэрлэсэн бүх нийтийн дайчилгааны хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Сасан Зарегийн мэдээлснээр, “үндэсний эсэргүүцлийн” батальонуудад бүртгэл эхэлсэн эхний 100 минутын хугацаанд 500 мянга гаруй хүн бүртгүүлж, эхний 1,000 нэгжийн бүрэлдэхүүн дүүрсэн байна. Улмаар дахин 1,000 нэгж байгуулахыг эрх баригчид зөвшөөрчээ. 

Мөн Ираны эрх баригчид Улаан хавирган сартай хамтран орон нутагт түшиглэсэн 10 мянган тусламж, аврах ажиллагааны нэгж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эмэгтэйчүүд эдгээрт олноороо сайн дураар оролцож байгаа аж.

Тегеранд эмэгтэйчүүдэд зориулсан анхны сургалтын төв Имам Хоссейн талбайд нээгдсэн бөгөөд нийслэлд нийт 14-өөс доошгүй сургалтын талбай, мөн мужийн төвүүдэд нэмэлт төвүүд байгуулахаар төлөвлөжээ.

Ираны албаныхан энэхүү дайчилгааг 1980 онд Ирак Иран руу довтолсны дараа аятолла Рухолла Хомейнигийн зарласан “20 сая хүний арми”-ийн санаачилгатай холбон тайлбарлаж байна. Тухайн найман жилийн дайны үеэр эмэгтэйчүүд дэмжлэгийн ажиллагаанд өргөнөөр оролцож байсан юм.

Энэ үеэр Ираны цэргийн удирдлагууд шинэ халдлага гарвал хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгдсээр байна. Харин Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мөргөлдөөнийг цэргийн аргаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд асуудлыг хэлэлцээний замаар шийдэх шаардлагатай гэж мэдэгджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.