Монгол Улсын бүтээн байгуулалтын түүхэнд 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууцыг барьж байгуулсан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Ойн баярын хуралд Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа түүхэн замнал, үйл ажиллагааны үр дүнгийн талаар илтгэл тавьж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр нар нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, бүтээн байгуулалтын үйл хэрэгт хувь нэмэр оруулсан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдад төрийн одон, медаль, салбарын шагнал гардуулав.
90 ЖИЛИЙН ТҮҮХЭНД 5500 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, 6500 ГАРУЙ ОРОН СУУЦ Барилга-инженерийн цэрэг нь Монгол Улсын аж үйлдвэржилт, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Тухайлбал, 1990 оноос өмнөх хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хотууд болон 16 аймаг, 160 гаруй суманд үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спортын ордон, орон сууц, авто зам зэрэг 17 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Түүнчлэн тухайн үеийн мөнгөн үнэлгээгээр 11 тэрбум гаруй төгрөгийн барилгын материал, хийц үйлдвэрлэж, зургаан сая орчим тонн ачаа тээврийн үүрэг гүйцэтгэсэн нь улс орны хөгжлийн түүхэнд үлдсэн томоохон бүтээн байгуулалт юм.
УЛСЫН ТӨСӨВТ 25.21 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ БИЙ БОЛГОЖЭЭ Барилга-инженерийн цэргийн бүтээн байгуулалтын уламжлал өнөөдөр ч үргэлжилж, улс орны стратегийн ач холбогдолтой дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож байна.
Тухайлбал, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Зүүнбаян–Ханги чиглэлийн 226.3 км төмөр зам, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал зэрэг 10 гаруй томоохон төсөлд оролцжээ.
Мөн “Darkhan United” спорт цогцолбор, Хуурай замын цэргийн командлалын байр, “Бурхан Халдун” хүндэтгэлийн цогцолбор зэрэг улсын болон орон нутгийн төсөв, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн 280 гаруй барилга байгууламжийг барьж байгуулсан байна.
Эдгээр ажлын үр дүнд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 44.67 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсөвт 25.21 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт бий болгосон нь цэргийн инженер, барилгачдын мэргэжлийн ур чадвар, эдийн засгийн үр өгөөжийг илтгэх үзүүлэлт юм.
ЭХ ОРНОО БАТЛАН ХАМГААЛАХААС ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХҮРТЭЛ Барилга-инженерийн цэргийн үе үеийн дайчид 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны үед цэргийн зориулалттай барилга байгууламж, дэд бүтцийг байгуулах, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх үүрэг гүйцэтгэж байв. Дайны дараах жилүүдэд тус цэргийн бүтэц, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлснээр улс орны энх цагийн бүтээн байгуулалтын томоохон хүч болж хөгжсөн түүхтэй. Энэхүү гавьяа, хөдөлмөрийг төрөөс үнэлж, 1971 онд Барилгын цэргийн Ерөнхий газрыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байдаг.
Тус түүхэн одонг Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгөөс ахмад үеийнхний санаачилга, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын дэмжлэгтэйгээр Барилга-инженерийн цэргийн удирдах газарт өвлүүлэн шилжүүлэх шийдвэрийг энэ онд гаргасан юм. Ийнхүү Барилга-инженерийн цэрэг түүхт 90 жилийн ойгоо төрийн дээд одонгоор шагнуулсан үйл явдлаар тэмдэглэж, үе үеийн инженер, барилгачдын бүтээн байгуулалтын уламжлал, залгамж чанарыг бататгаж байна.
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буй энэхүү түүхэн ой нь өнгөрсөн хугацааны ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ Барилга-инженерийн цэргийн техник, технологи, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлж, улс орны стратегийн бүтээн байгуулалтад оролцох боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.