0

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд иргэдийн халаасыг хамгийн их тэмтэрч, инфляцыг хөөрөгдөж буй гол хүчин зүйл бол шатахууны үнийн өсөлт болоод байна. 2026 оны 10 дугаар сарын байдлаар дэлхийн зах зээл дээрх бензиний дундаж үнэ литр тутамдаа 1.43 - 1.59 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа нь түүхэн дэх өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Тогтворгүй байдал дунд хөлөө олохыг хичээж буй дэлхийн зах зээл болон манай улсад үүсээд буй нөхцөл байдлыг тоймлон хүргэж байна.
ОЙРХ ДОРНОДЫН ХЯМРАЛ БА ТРАМПЫН ГЭНЭТИЙН ШИЙДВЭР
Шатахууны үнэ ийнхүү өндөр хадгалагдаж байгаагийн гол шалтгаан нь Ойрх Дорнодын геополитикийн туйлын хурцадмал байдал юм. Хэдхэн сарын өмнө Брент (Brent) төрлийн түүхий тосны үнэ баррель нь 114 ам.доллар давж оргилдоо хүрсэн. Өнөөдөр үнэ бага зэрэг суларч, 91–94 ам.доллар хавьцаа арилжаалагдаж байгаа ч энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар өндөр хэвээр байна гэсэн үг юм.
Бүс нутгуудаар авч үзвэл хязгаарлалт ихтэй Европын орнуудад (жишээ нь, Польш, Герман) үнэ сарын дотор 12-13 хувиар өсөлт үзүүлэв. Харин АНУ-д дизель түлшний үнэ галлон нь 6 ам.доллар давж, дотоодын эдийн засагт хүндхэн цохилт болсон тул Ерөнхийлөгч Дональд Трамп инфляцыг дарах зорилгоор ОХУ-аас 300,000 тонн дизель түлш нэн даруй импортлох, зарим хоригийг түр цуцлах шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрчээ.
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй бүс нутгаар Хонконг (литр нь 3-4 ам.доллар) эрэмбэлэгдсэн хэвээр байгаа бол Ливи, Иран, Венесуэл зэрэг олборлогч орнууд дотоодын татаасаараа хамгийн хямд шатахууныг иргэддээ нийлүүлж байна.
ХИЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТ БА МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН "ХАМГААЛАЛТ"
Манай улс шатахууны хувьд зуун хувь импортлогч бөгөөд жижиглэнгийн үнэ нь Сингапурын түүхий тосны биржийн ханшаас шууд хамаардаг. Дэлхийн зах зээлийн энэхүү савлагаа Монголыг ч мөн тойрсонгүй.
Өнгөрсөн 7 дугаар сарын дундуур ОХУ-аас нийлүүлэх хилийн үнэ өссөнтэй холбоотойгоор хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 бензиний үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдэж, 2,840 төгрөгт хүрсэн билээ. Үнийн энэхүү өсөлт нь иргэдийн амьжиргаа болон тээвэр логистикийн зардалд шууд нөлөөлж эхэлсэн юм.
Гэсэн хэдий ч Засгийн газраас импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийсний үр дүнд 2026 оныг дуустал АИ-92 болон дизель түлшний үнийг дахин нэмэхгүй, одоогийн түвшинд тогтвортой барихаар тохиролцоод байна. Энэ нь өвлийн ачаалал ихсэх, газар тариалан, уул уурхайн идэвхтэй үед эдийн засагт ирэх дарамтыг түр ч болов зөөлрүүлэх чухал алхам юм.
ОХУ өнгөрсөн сарын нийлүүлэлтээс 190 доллароор үнээ нэмсэнтэй холбоотойгоор дотоодын аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс литр тутамд 500-550 төгрөгөөр үнээ нэмсэн. Энэ нь ОХУ-аас нийлүүлж байгаа шатахууны үнийн өсөлттэй холбоотой юм. Дэлхийн геополитикийн тэмцэл, түүхий эдийн хомсдол нь улс орнуудыг эдийн засгийн "хамгаалалтын" горимд шилжихэд хүргэж байна. Монгол Улсын хувьд энэ оныг дуустал үнийг тогтвортой барихаар шийдвэрлэсэн нь богино хугацааны амьсгаа авах боломж олгож байгаа ч, ирэх 2027 онд дэлхийн зах зээлийн чиг хандлага хаашаа эргэхээс шалтгаалж манай дотоодын үнэ дахин хэлбэлзэх эрсдэлтэй хэвээр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.