0

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Цэрэг татлагын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатараас мэдээлэл тодрууллаа.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно. Уг татлагад нийслэлийн есөн дүүргийн цэргийн алба хаах насны иргэд оролцоно. Аравдугаар сарын 15-нд цэрэг халагдах нэгдсэн үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болох юм.
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байна.
Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудаар хамрагдаж болно. 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн цэрэг татлагын байрууд өөрчлөгдсөн. Чингэлтэй дүүрэг 23 дугаар сургууль, Налайх дүүрэг “Эрдмийн оргил” сургууль, Багануур дүүрэгт Хүний хөгжлийн ордонд цэрэг татна.
Түүнчлэн энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байна. Гэхдээ оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлнэ. Цэргийн албаны тухай хуулийн хуулийн 12.8-д зааснаар ажил олгогч байгууллагууд цэрэг татлагад ажилтнаа явуулах үүрэг хүлээдэг.
Аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, ажилтныхаа хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнийг цэрэг татлагад хамруулахыг уриалж байна. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэрэг татлагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулах байруудад нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн үйлчилгээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллаж байна. Залуус цэрэг татлагаар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, дүгнэлтээ гаргуулах боломжтой боловч цэрэгт татагдахын өмнө эрүүл мэндийн байдалдаа урьдаас анхаарах хэрэгтэй.
Цэрэг татлагын дараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай залуусын эрүүл мэндэд анхаарах нь мөн чухал байна. Цэрэг татлагын байруудад ажиллаж байгаа албан хаагчдын зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүж, хоорондын зайгаа барьж, бусад шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлэхийг хүсэж байна” гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.