0

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцан дэлгүүрийн орчимд борооны ус зайлуулах 24 ширхэг шүүр таг алга болжээ. Алга болсон шүүр тагуудын заримыг хоёрдогч түүхий эд, төмрийн хог хаягдал худалдан авдаг цэгээс олсон байна.
Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээлэхдээ, тухайн байршилд борооны ус зайлуулах шүүр таг алга болсон тухай дуудлага, мэдээллийн дагуу шалгалт хийхэд нийт 24 ширхэг шүүр таг байхгүй болсон нь тогтоогдсон гэв.
Шүүр таггүй болсон ус зайлуулах худаг нь явган зорчигч, жолооч, дугуйтай зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. Ялангуяа шөнийн цагаар болон бороо орж, ус тогтсон үед ил задгай худаг анзаарагдахгүй байх эрсдэлтэй бөгөөд улмаар хүн унах, автомашин болон дугуй нүхэнд орох зэрэг осол гарах нөхцөл бүрддэг байна.
Тус газраас борооны ус зайлуулах шүүр таг нь нийтийн өмч болохыг онцолж, төмрийн хог хаягдалд тушаах зорилгоор нийтийн өмчид халдах нь эд хөрөнгийн хохирол учруулахаас гадна иргэдийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгааг анхаарууллаа.
Иймд нийтийн өмчийг хамгаалах, борооны ус зайлуулах шүүр тагийг зөвшөөрөлгүй авах, хулгайлах, гэмтээхгүй байхыг иргэдэд уриалсан юм.
Мөн шүүр таггүй болсон болон эвдэрч гэмтсэн ус зайлуулах худаг илэрвэл тухайн байршлыг 7720-0200 дугаарт нэн даруй мэдээлэхийг зөвлөжээ.
Иргэд авто зам болон явган хүний замаар зорчихдоо ил задгай худаг, замын эвдрэл гэмтлээс сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.