0

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн “Hooligan” дууны клип YouTube платформд 100 сая үзэлт давсан талаар тус хамтлагийн агентлаг HYBE-ийн харьяа BigHit Music мэдээлжээ.
Тус клип Лхагва гарагийн өглөөний 06:40 цагийн орчимд 100 сая үзэлтийн босгыг давсан байна. Ингэснээр “Hooligan” нь BTS хамтлагийн “ARIRANG” цомгоос уг амжилтад хүрсэн гурав дахь клип болжээ. Өмнө нь цомгийн гол сингл болох “Swim” болон “2.0” дууны клипүүд энэ үзүүлэлтэд хүрсэн байна.
BTS хамтлагийн тав дахь студийн цомог болох “ARIRANG” гуравдугаар сарын 20-нд худалдаанд гарсан бол “Hooligan” дууны клипийг дөрөвдүгээр сарын 8-нд HYBE LABELS-ийн YouTube сувагт нийтэлжээ.
Клипний дүрслэлд хөвдөөр хучигдсан саарал орон зайг тод улаан өнгөөр сөргүүлэн харуулсан байна. Хар гадуур хувцас, шүдний гоёл чимэглэлтэй долоон гишүүн олон тооны бүжигчдийн хамт хүчтэй, синхрон хөдөлгөөн бүхий бүжиг үзүүлжээ.
“Hooligan” нь BTS хамтлагийн “ARIRANG” дэлхийн аялан тоглолтын нээлтийн дуугаар сонгогдсон юм. Хип хоп урсгалын энэхүү бүтээл нь хамтлагийн дэлхийд өөрийн гэсэн замыг бий болгож, уран бүтээлийн өвөрмөц өнгө төрхөө бүрдүүлсэн замналыг илэрхийлдэг байна. Дууны эхлэлд чавхдаст хөгжмийн аяс дээр ир мөргөлдөх мэт чимээ давхарласан бол цаашлаад Roland TR-808 бөмбөрийн машины гүн басстай хослуулжээ.
“Hooligan” дуу дөрөвдүгээр сарын 4-нд Billboard Hot 100 жагсаалтын 35 дугаар байрт бичигдэж, дөрвөн долоо хоногийн турш жагсаалтад багтсан байна.
Мөн “ARIRANG” цомог Billboard 200 цомгийн жагсаалтад хоёр дахь долоо хоногтоо 43 дугаар байрт бичигджээ. Харин “Swim” дуу Billboard Global 200 жагсаалтын 27 дугаар байр, Billboard Global Excl. U.S. жагсаалтын наймдугаар байрт тус тус орсон байна.
2013 онд анх дебютээ хийсэн BTS хамтлаг нь дэлхийн хөгжмийн зах зээлд амжилттай байр сууриа эзэлсэн Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн нэг юм. Тус хамтлаг 2021 оны Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг уран бүтээлч” шагнал хүртэж байв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.