dobu.mndobu

МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-21

МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү баримт бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Бундесбанкыг төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зурав.

Монголбанк болон Бундесбанк нь 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 30 гаруй жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр орны төв банкуудын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, институцийн түншлэлийг улам бүр өргөжин бэхжих  суурь тавигдаж байна.  

Санамж бичгийн хүрээнд талууд мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банкны хяналт шалгалт, төлбөрийн системийн дэд бүтэц, бэлэн мөнгөний удирдлага болон цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн төв банкны мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах юм.  

Төрийн айлчлалын үеэр банк, санхүүгийн салбарт байгуулсан энэхүү стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Монголбанкны зүгээс цаашид олон улсын төв банкуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг үндэсний санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.