0

Бразил гаралтай Сауло Гомез, Дино де Соуза нар нэг бүсгүйд дурласан ч нөхөрлөлдөө сэв суулгахыг хүсээгүй тул хайр сэтгэлийн харилцаагаа хамтдаа үргэлжлүүлэхээр шийджээ. Ийнхүү тэд Олга хэмээх бүсгүйтэй гурвуулаа хамтран амьдрах болсон бөгөөд өөрсдийн харилцааг эв нэгдэл, харилцан ойлголцолд тулгуурласан хэмээн тодорхойлдог байна.
Тэдний түүх 2019 оны наймдугаар сард Испанийн Барселона хотод эхэлжээ. Тухайн үед 30 настай Сауло, 40 настай Дино нар амралтаараа тус хотод очсон бөгөөд хөлбөмбөгийн Аваргуудын лигийн тоглолт үзэхээр орсон нэгэн бааранд 27 настай Олгатай танилцсан аж.
Хоёр найз хоёулаа Олгад сэтгэл алдарч, түүнтэй болзох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин тэдний хэн нэг нь бүсгүйтэй үерхсэнээр нөхөрлөлдөө асуудал үүсгэхийг хүсээгүй тул Олгатай хамтдаа болзож, харилцаагаа гурвуулаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
Дино энэ тухайгаа дурсахдаа, “Бид Барселона хотод очсон даруйдаа Аваргуудын лигийн тоглолт шууд дамжуулж байсан нэгэн бааранд орсон юм. Тэнд Олга найзуудтайгаа сууж байлаа. Бид түүнийг хамт ууж, цагийг өнгөрүүлэхийг санал болгосон. Бидний түүх ингэж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Тэдний хувьд хамтын амьдрал нь ердийн бус харилцаа гэхээс илүүтэй харилцан хайрлаж, ойлголцож, бие биедээ түшиг болохын илэрхийлэл аж.
Дино “Бидний харилцаа гурван хүний харилцааны тухай гэхээс илүү эв нэгдэл, нягт холбооны тухай асуудал гэж боддог. Бидний мэдэрдэг зүйл маш олон боловч бүгдийг нь үгээр илэрхийлэхэд хэцүү” хэмээн ярьсан байна.
Тэд хагас жилийн турш болзож, гадуур энгийн хосуудын адил хамтдаа цагийг өнгөрүүлдэг байжээ. Гэвч гэр бүл, найз нөхөд нь гурвын харилцаа, хамтран амьдрах шийдвэрийг нь сонсоод эхэндээ ихэд гайхаж, цочирдсон байна.
Гэсэн ч тэд өөрсдийн сонголтоо тайлбарлаж, ойр дотнын хүмүүсийнхээ ойлголтыг өөрчлөхийг хичээжээ. Тэдний хэлснээр, хүмүүс эхэндээ гайхаж, анхааралтай ажигладаг ч биечлэн уулзаж, ярилцсаны дараа хандлага нь аажмаар өөрчлөгддөг байна.
Гурвын хувьд зан чанарын ялгаа нь хамтын амьдралд нь давуу тал болдог аж. Дино өөрийгөө гэр бүлийнхээ уур амьсгалыг хөгжилтэй, эерэг байлгадаг нэгэн гэж тодорхойлсон бол Сауло эмх цэгцтэй, нухацтай зангаараа ялгардаг байна. Харин Олга бага зэрэг замбараагүй ч хайр халамжаа харамгүй зориулдаг нэгэн гэнэ.
Тэдний үзэж буйгаар, хамтын амьдралын хамгийн чухал зүйл нь бие биенээ хүндэтгэх, мэдрэмжээ нээлттэй илэрхийлэх, аливаа шийдвэрийг хамтдаа гаргах явдал юм.
Одоогоор Франц улсад амьдарч буй гурвын хувьд ирээдүйн төлөвлөгөө нь хүүхэдтэй болж, хамтын амьдралаа үргэлжлүүлэх явдал аж. Тэд хүүхэдтэй болох талаар төлөвлөж, цаашдаа дэлхийгээр аялж, өөрсдийн амьдралын хэв маяг, үзэл бодлоо бусадтай хуваалцахыг хүсэж байгаа гэнэ.
Нэг бүсгүйд дурласан хоёр найз нөхөрлөлөө хадгалахын тулд хамтдаа хайрлах замыг сонгосон нь тэдний амьдралын өвөрмөц түүх болжээ. Тэдний хувьд аз жаргалтай харилцааны үндэс нь бусдын жишгээр амьдрах бус, харин өөрсдийн сонголтоо харилцан ойлголцол, хайр халамжаар авч явахад оршдог байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.