0

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “Зам, тээврийн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин арга хэмжээ” өнөөдөр /2026.10.26/ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Баярбаатар, Зам тээврийн яамны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Баянзул нар нээж үг хэллээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх, иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар онцоллоо. Мөн Зам, тээврийн яамнаас авто зам, авто тээвэр, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн салбарт нийт 21 төрлийн тусгай, нэг төрлийн энгийн зөвшөөрөл олгодог бөгөөд эдгээр зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үе шаттайгаар хөнгөвчилж байгааг дурдав. Энэ хүрээнд авто замын салбарын тусгай зөвшөөрөл авахад өмнө нь тавигддаг байсан нэг тэрбум төгрөг орчмын техник, тоног төхөөрөмжтэй байх, найман инженер, техникийн ажилтныг гурваас доошгүй сарын хугацаанд цалинжуулсан байх зэрэг шаардлагыг хөнгөвчилсөн байна. Зам, тээврийн яамнаас нийт 6,889 зөвшөөрөл олгосноос 5,416 нь хүчин төгөлдөр байгааг мэдээллээ.
Үргэлжлүүлэн бусад илтгэгчид зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт, зам, тээврийн салбарын зөвшөөрөл олгох процесс, хяналт шалгалт, цахим системийн шинэчлэлийн асуудлыг танилцууллаа. Тухайлбал,
Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, нэгдсэн сан” сэдвээр илтгэл тавьж, Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа “Зам, тээврийн салбарын зөвшөөрөл олгох процесс, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавьж мэдээлэл хүргүүлсэн бол Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн О.Отгонбаяр “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ”, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн төсөв, санхүүгийн инноваци хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр “Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт” сэдвээр танилцуулж, оролцогчид асуулт, санал хүсэлтээ илэрхийллээ.
Тус арга хэмжээ нь 10 дугаар сарын 27-ны мягмар гараг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний хоёр дахь өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчны салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, тусгай болон энгийн зөвшөөрлийн талаар танилцуулна.
Мөн өдөр бүр холбогдох яам, агентлагийн албан хаагчид төвд ажиллаж, иргэн, бизнес эрхлэгчдэд зөвшөөрөлтэй холбоотой хууль, журам, шаардлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авна.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга болон зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд зам, тээврийн салбарт мөрдөгдөж буй тусгай болон энгийн зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд хүргэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Түүнчлэн зөвшөөрөл шийдвэрлэх үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох, хяналт шалгалтын үр дүн болон цахим системийн шинэчлэлийн талаар мэдээлэл солилцох, төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээг хялбаршуулах, захиргааны дарамт, хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд таатай, ил тод орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.