dobu.mndobu

Монгол, Энэтхэгийн хамтарсан "Нүүдэлчин заан-2024" сургууль эхэллээ

Монгол, Энэтхэгийн хамтарсан "Нүүдэлчин заан-2024" сургууль эхэллээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Нүүдэлчин Заан” хоёр талын хамтарсан сургалт, дадлагын энэ удаад БНЭУ-ын Мегхалаяа мужийн Шилун дүүрэгт орших БНЭУ-ын Зэвсэгт хүчний “Цэргийн сургалтын нэгдсэн төв”-д 2024 оны долоодугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн “Нүүдэлчин Заан-2024” сургуулийн нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, цэргийн атташе, хурандаа О.Заяат, БНЭУ-ын Умард зомандлалын 51 дүгээр Ассам бүсийн командлагч, хошууч генерал Прасанна Жоши нар оролцов.

2004 оноос хойш зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин Заан” сургууль нь хоёр орны батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны нэгэн чухал арга хэмжээ бөгөөд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд хамтарсан цэргийн сургуулийн нээлтийн арга хэмжээнд анх удаа оролцлоо.

Элчин сайд Д.Ганболд "Нүүдэлчин заан" сургуулийг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид 2025 онд хамтран тэмдэглэн өнгөрүүлнэ. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал байр суурийг эзэлдэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаагийн нэгэн илрэл нь "Нүүдэлчин заан" хамтарсан сургууль. Хамтарсан сургуулиар цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ нөхөрсөг цэрэг дайчдын эв нэгдлийг эрхэмлэсэн найрсаг хамтын ажиллагааг бататгасан, өндөр үр дүнтэй сургалт явагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, тус сургуулийг эх орондоо зохион явуулж байгаа БНЭУ-ын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлага болон сургалтын төвийн хамт олонд, мөн сургуульд оролцож байгаа Энэтхэгийн цэргийн алба хаагч нарт Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн тэрээр хоёр орны хамтын ажиллагаа нь харилцан айлчлалыг зохион байгуулах, хамтын ажиллагааны уулзалтуудыг тогтмол зохион байгуулах, Монгол Улсын цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, хамтарсан цэргийн сургуулийг зохион байгуулах зэргээр найрсаг хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын хамтарсан сургууль 2004 оны аравдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдаж байсан ба энэ удаагийн хамтарсан сургуульд анх 2004 онд оролцож байсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дахин оролцож буйгаараа онцлог юм.

"Нүүдэлчин заан" сургууль нь Монгол-Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын ажиллагааны туршлага сургамжид тулгуурлан, цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, туршлага солилцох, цэргийн ажиллагааны арга тактикт суралцан, энхийг сахиулах үйлсэд оролцох нэгдмэл байдлыг хангадаг давуу талтай, хоёр улсын дипломат харилцааг бататгах, түүх, соёл, зан заншил, уламжлалыг харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой сургууль болохыг Элчин сайд цохон тэмдэглэсэн юм.

“Нүүдэлчин Заан-2024” Монгол, Энэтхэг Улсын хамтарсан сургууль нь Энэтхэг Улсын Мегхалаяа мужид өндөр уулын бүсэд явагдаж байна. Энэ удаагийн хамтарсан сургуульд хоёр талаас тодорхой тооны эмэгтэй цэргийн алба хаагч оролцож, эрэгтэйчүүдтэй зэрэгцэн бие биеэсээ суралцаж, мөн туршлагаа хуваалцаж буйгаараа онцлог байна

Энэ удаагийн хоёр орны хамтарсан сургуулийг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Б.Олзбаяр, Энэтхэгийн талаас арваннэгдүгээр уулын мотобуудлагын батальоны захирагч хурандаа СБ Мунноли нар удирдан явуулж байна.

Сургуулийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Энэтхэг Улсын цэргийн зарим зэвсэглэл, хэрэгслийг үзүүлсэн бөгөөд Элчин сайд Д.Ганболд, цэргийн атташе хурандаа О.Заяат болон албаны хүмүүс сургуулийн буудлагын цэгийн үйл ажиллагаатай танилцаж, үзүүлэх тоглолтыг үзэж сонирхлоо.

Эх сурвалж: Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.