0

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ, ТУСГАЙ БОЛОН ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАХ” арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын XI байрны 1 давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д боллоо.
Арга хэмжээг ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн бодлогын газрын дарга Д.Дүгэрсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр нар нээж үг хэллээ.
ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн бодлогын газрын дарга Д.Дүгэрсүрэн нээлтийн үгэндээ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг хялбаршуулах, хүнд суртлыг бууруулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн ач холбогдлыг онцоллоо. Тухайлбал, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авахын оронд мэдэгдэл хүргүүлэн эхлүүлэх боломжийг бүрдүүлж, зөвшөөрлийн хугацааг уртасгах, сунгах үйл явцыг хөнгөвчлөх, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх зэрэг шаардлагыг холбогдох зөвшөөрлийн нөхцөлөөс хасах зохицуулалтууд хэрэгжиж эхэлснийг дурдав. Мөн "Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохыг онцоллоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр салбарын хэмжээнд зөвшөөрөл, мэдэгдлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахимжуулалтыг эрчимжүүлэх, шат дамжлагыг цөөлөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, салбарын хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлт оруулах хүрээнд нийт 14 хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга болон анхдагч хуулийн төслийг боловсруулж байгааг дурдаж, хуульд заагаагүй нэмэлт шаардлага, зөвлөлийн шат дамжлагыг арилгах, зөвшөөрөл олгох болон сунгах хугацааг богиносгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснийг онцлов. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээний сунгалт, байгаль орчны үнэлгээтэй холбоотой шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, зарим зөвшөөрлийг хүний оролцоогүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа. Түүнчлэн яамны албан бичиг, өргөдөл, хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлтийн явцыг хянах, хариуг цахимаар хүргүүлэх тогтолцоог нэвтрүүлснийг мэдээлж, цаашид иргэн, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч, салбарын зөвшөөрлийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Танилцуулгын эхэнд ЭЗХЯ-ны БОБГ-ын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн С.Уранмандах “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ” сэдвээр мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох газрын мэргэжилтнүүд салбарын зөвшөөрлийг танилцууллаа. Тухайлбал, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын ахлах шинжээч Т.Давааням, ахлах мэргэжилтэн Ж.Мөнхдөш нар байгалийн нөөцийн чиглэлээр олгох тусгай болон энгийн зөвшөөрлийг, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын шинжээч С.Бэлэгсайхан, ахлах мэргэжилтэн О.Баярмаа нар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох тусгай зөвшөөрөл болон судалгаа шинжилгээ явуулах энгийн зөвшөөрлийг, Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын ахлах шинжээч Ө.Мөнхбаяр хүрээлэн буй орчны чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийг танилцууллаа. Арга хэмжээний төгсгөлд Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын Төсөв, санхүүгийн инновац, хөгжүүлэлтийн газрын дарга Б.Төгөлдөр “Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, зөвшөөрлийн цахим системийн шинэчлэл, хөгжүүлэлт болон түүний боломжуудын талаар танилцууллаа.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга болон зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд байгаль орчны салбарт мөрдөгдөж буй тусгай болон энгийн зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд хүргэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн байгалийн нөөцийн зохистой ашиглалт, тусгай хамгаалалттай газар нутаг, хүрээлэн буй орчны чиглэлээр олгох зөвшөөрлийн шаардлага, шийдвэрлэх үйл явцын талаарх нэгдсэн ойлголтыг бий болгох, зөвшөөрлийн цахимжуулалтыг эрчимжүүлэх, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах замаар төрийн үйлчилгээг хялбаршуулах, захиргааны хүндрэл, хүнд суртлыг бууруулах, байгаль орчны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд таатай, ил тод, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Уг арга хэмжээ нь 10 дугаар сарын 26-аас 27-ны мягмар гараг хүртэл үргэлжилсэн бөгөөд хуваарийн дагуу өдөр бүр холбогдох яам, агентлагийн албан хаагчид төвд ажиллаж, иргэн, бизнес эрхлэгчдэд зөвшөөрөлтэй холбоотой хууль, журам, шаардлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.