0

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт аравдугаар сарын 29-ний өглөө малдаа явж байсан 35 настай эрэгтэй рүү баавгай дайрч, гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тухайн өдрийн 08:40 цагийн орчимд Баянгол сумын Их мухар гэх газарт баавгай малчин руу дайрсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Малчин эр тугал мөөрөх дуугаар гэрээсээ гарч, мотоциклтойгоо 150–200 метр орчим зайд очиход тугалыг нь баавгай барьсан байжээ. Улмаар баавгай түүн рүү дайрч, толгойн орой хэсэгт нь хоёроос гурван удаа хазаж, гарын бугалга болон нуруунд нь хумсны гүн шарх учруулсан байна.
Гэмтсэн иргэнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар анхны тусламж үзүүлж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийсний дараа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Одоогоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албаныхан тухайн газарт ажиллаж, нөхцөл байдлыг шалгаж байна.
Сүүлийн үед Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, зэрлэг амьтантай таарсан тохиолдолд ойртох, хөөж туухгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.