0

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол, санал хүсэлтийн дагуу зөрчил гаргасан автобусны жолооч нарт хариуцлага тооцжээ. Тухайлбал, зорчигчоос бэлэн мөнгө авч, шаардлага тавьсан иргэнтэй зохисгүй харилцсан жолоочийн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утас болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр иргэдээс ирүүлсэн талархал, санал, гомдлыг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авчээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэн Т.Мандахбаяр нийтийн тээврийн М:3 чиглэлд явж байсан автобусны жолооч мөнгөний хайрцгийн амыг скочоор битүүмжилж, зорчигчдоос бэлэн мөнгө авч байгаа талаар гомдол гаргасан байна. Мөн шаардлага тавихад иргэнтэй зохисгүй харилцсан гэжээ.
Уг гомдлыг шалгаж, Авто терминал трейд ХХК-ийн 14-059 гарааш дугаартай автобусны жолооч С-д гурван сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн Хан-Уул дүүргийн иргэн Эрдэнэ-Очир М:3 чиглэлийн 15-046 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаатай холбоотой гомдол гаргажээ. Үүний дагуу тухайн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулах, цаашид зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргад үүрэг болгосон байна.
Түүнчлэн иргэдээс нийтийн тээврийн чиглэл, хүртээмжтэй холбоотой санал ирүүлжээ. Баянзүрх дүүргийн иргэн Б.Марал-Эрдэнэ Ч:71А чиглэлийг хуучин маршрутаар нь явуулах хүсэлт гаргасан байна.
Гэвч А/72 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хүлээлгийн хугацааг багасгах, чиглэлийн давхцлыг бууруулах зорилгоор уг чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Ч:71А чиглэл “Дүнжингарав худалдааны төв–МУБИС” байснаа “Дүнжингарав худалдааны төв–Сүхбаатарын талбайн төв зогсоол” болж шинэчлэгдсэн бөгөөд одоогоор хуучин маршрутаар явуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний эерэг жишээ болгон Ч:27 чиглэлд үйлчилж байсан “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн 18-031 гарааш дугаартай автобусны жолоочийг иргэн онцолжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэн Өсөхбаяр хүүхдийнхээ автобусанд мартаад буусан гар утсыг шуурхай олж өгсөн жолоочид талархал илэрхийлсэн байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийн санал, гомдол чухал үүрэгтэй бөгөөд холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, гомдол бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллаж байгааг онцолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.