dobu.mndobu

1998 онд эхэлсэн 28 жилийн аяллынхаа хугацаанд 30 орноор дамжин 50 мянган км замыг явган туулсан аялагч Карл Бушби аяллаа өндөрлүүлжээ

1998 онд эхэлсэн 28 жилийн аяллынхаа хугацаанд 30 орноор дамжин 50 мянган км замыг явган туулсан аялагч Карл Бушби аяллаа өндөрлүүлжээ

Их Британийн аялагч Карл Бушби 28 жилийн турш үргэлжилсэн дэлхийг тойрон аялах аяллаа амжилттай дуусгаж, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-нд Английн Халл хотод байрлах ээжийнхээ гэрт эргэн иржээ.

Тэрбээр 1998 оны арваннэгдүгээр сарын 1-нд Өмнөд Америкийн Чили улсын Пунта-Аренас хотоос аяллаа эхлүүлж, 29 настайдаа тавьсан зорилгоо 57 насандаа биелүүлсэн байна.

Бушби нийт 50 мянга орчим километр замыг явган туулж, дөрвөн тивийн 30 орноор дамжин аялжээ. Түүний аяллын гол онцлог нь нэг газраас нөгөө рүү урагшлахдаа ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх зарчим баримталсан явдал юм.

Тэрбээр замдаа хөлдсөн Берингийн хоолойг гатлан Аляскаас ОХУ-ын нутагт хүрч, улмаар Ази, Европыг дамжин Их Британид иржээ. Мөн Каспийн тэнгис болон Ла-Маншийн хоолойн зарим хэсгийг сэлж туулсан байна.

Түүний аялал анх төлөвлөж байснаас нэлээд урт үргэлжилсэн бөгөөд санхүүжилтийн хүндрэл, виз болон хил нэвтрэх зөвшөөрөл, цаг агаарын эрс тэс нөхцөл, COVID-19 цар тахал зэрэг олон бэрхшээлтэй тулгарчээ. Түүнчлэн аяллын явцад аюултай ширэнгэн ой, хөлдсөн далай тэнгис, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй саад бэрхшээлийг даван туулсан байна.

Эцэст нь Халл хотод ирэхэд нь түүнийг олон зуун хүн угтан авч, хотын төвд хүндэтгэл үзүүлжээ. Улмаар ээж Анжелагийнхаа гэрт хүрэлцэн очиж, олон жилийн дараа ээжтэйгээ сэтгэл хөдөлгөмөөр уулзсан байна. Тэрбээр мөн өмнө нь уулзаж амжаагүй байсан 12 настай ач охинтойгоо анх удаа уулзжээ.

Карл Бушби аяллаа амжилттай дуусгахад дэлхийн өнцөг булан бүрээс тусалж, дэмжсэн хүмүүсийн сайхан сэтгэл ихээхэн нөлөөлснийг онцолсон байна.

Ийнхүү 28 жилийн өмнө эхлүүлсэн зорилгоо биелүүлсэн түүний аялал хүний тэсвэр тэвчээр, тууштай байдал, хүсэл мөрөөдлийн бодит жишээ болж үлдлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.