0

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг турших багш нарыг хүлээн авч уулзлаа.
Аймаг, нийслэлийн зургаан сургуулийн 30 багш ахлах ангийн сурагчдад зориулсан тус гарын авлагыг туршихаар Улаанбаатар хотноо сургалтад хамрагдаж байгаа юм.
Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг сурагчдад ахлах ангиас нь эхлэн зааж, төлөвшүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр “XXI зууны иргэдэд зөвхөн академик мэдлэгээс илүүтэй асуудлыг тунгаан бодох, шүүн хэлэлцэх, эргэцүүлэх чадвар чухал. Үндсэн хуульд заасан хүний 18 эрхийг мэдэрч, ойлгож, энэ хэрээрээ хүмүүжиж, төлөвшин хариуцлагатай иргэн болох ёстой. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх учиртай. Хүний эрхийн талаарх ойлголтыг лекцээр бус хэлэлцүүлэг, баримт, шинжилгээ, нотолгоонд тулгуурлан заавал хүүхдийн тунгаан бодох, бусдыг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэнэ” хэмээн хэлэв.
Мөн Боловсролын яамнаас “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлогын хүрээнд эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль буюу ЭНХАУС-ийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
Энэ хичээлийн жилээс сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, өдөр бүр “Нэг аяга сүү”, “Амин ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламжтай болгожээ.
Эдгээр ажил нь хүүхэд бүрийг Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхээр хангахад чиглэж байгааг сайд онцолсон юм.
“Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг турших багш нар сургалтын үеэр ахлах ангийн сурагчдад хүний эрх, үүргийн талаарх мэдлэгийг зөвхөн нийгмийн ухааны хичээлээр хязгаарлахгүй, бусад хичээлтэй уялдуулан заах арга зүй, туршлага, саналаа солилцсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.