0

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар хоёр талын байр суурийг хэлэлцлээ.
Элчин Сайд Готсурве Энэтхэг Улсын Засгийн газраас гадны оронд хэрэгжүүлж буй хамгийн өндөр хөрөнгө оруулалт бүхий анхны төсөл учраас өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулахад анхаарч буйг онцоллоо.
Мөн үйлдвэрийн барилгын ажил дуусахаас өмнө Монгол Улс одоо олборлож буй түүхий газрын тос бүтээгдэхүүний нийлүүлэлтийг даруй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурьдсан.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн дэд сайд Б.Мөнхтамир энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар мөн онцгойлон анхаарч ажиллаж буй бөгөөд газрын тос олборлож байгаа хоёр аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн олборлолтыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээр хийж, зарим талбайд туршилтаар хайгуулын өрөмдлөг хийж байгааг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгийн ажилтай холбоотой бүх үйл явцыг шуурхай явуулах үүднээс холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж, бараа материалыг гаалиар сааталгүй нэвтрүүлэхэд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж байгааг мэдэгдлээ.
Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 850-900 байнгын ажлын байр шинээр нэмэгдэхээс гадна жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, Монгол Улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг бүрэн хангах боломж бүрдэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.