dobu.mndobu

Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулах ажил хэвийн үргэлжилнэ

Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулах ажил хэвийн үргэлжилнэ

Монгол Улс Чехийн Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран тахь сэргээн нутагшуулах дөрөв дэх газраар Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрыг сонгосон билээ. Төслийн хүрээнд 2026-2027 онд бэлтгэл ажлыг хангаж, 2028 оноос эхний тахиудыг тээвэрлэн авчрахаар төлөвлөсөн юм.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн дараа ч төслийн хэрэгжилтийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзах үеэр энэ асуудлыг хэлэлцсэн байна.

Уулзалтын үеэр тахь нутагшуулах төслийн анхан шатны суурь бэлтгэл, бааз нь байгаль хамгаалагчдын тусламжтайгаар түймэрт өртөөгүй бөгөөд газар дээр нь ажилласан судлаачдын дүгнэлтээр төслийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэнийг онцолжээ.

Иймд талууд төслийг тогтсон хугацаанд нь үргэлжлүүлэх, дархан цаазат газарт онгоц буух зурвас байгуулах, тахь нутагшуулах газрын ойр орчимд түймрээс хамгаалах ажлыг яаралтай хэрэгжүүлэхээр санал нэгдсэн байна. Мөн Чех Улсаас Монголд хэрэгжүүлж буй байгаль орчны бусад төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцсэн бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Толь булагт хавтгай үржүүлэх, хамгаалах төв байгуулах, ой болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлуудыг онцолсон байна.

Түүнчлэн Нөмрөгийн ДЦГ болон ойр орчмын бүсэд томоохон хэмжээний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, түймрийн дараах нөхөн сэргээлт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоо, техник, хүний нөөцийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ.

Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир зэрлэг амьтдын тархац нутгийн судалгааг нарийвчлах, судлаач, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг үе шаттай бэлтгэх чиглэлээр Чехийн талтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.