0

Төв аймгийн Зуунмод хотод суралцагчийн хэрэгцээ, авьяас, сонирхолд суурилсан “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль нээлтээ хийв. Тус ахлах сургууль 10-12 дугаар ангийн 5 бүлэгт 163 сурагч, 17 багш ажилтантай математик, байгалийн ухааны хичээлээр төрөлжин хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
640 хүүхдийн суудалтай “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль нь бага, дунд, ахлах боловсролыг нэгтгэсэн цогцолбор хэлбэрээр байгуулагдсан. Ингэснээр хүүхэд бага боловсролоос ахлах анги хүртэл нэг орчинд тасралтгүй суралцахын зэрэгцээ ахлах ангиасаа өөрийн сонирхол, авьяас, ирээдүйн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой болно.
Сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар оролцож багш, сурагчдад сурлагын амжилт хүсээд шинэ сургуульд сургалтын хэрэглэгдэхүүн гардуулан өглөө.
Өнөөдөр улсын хэмжээнд шинээр 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилд 29 болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Суралцагч өөрийн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаатай уялдсан хичээлийг гүнзгийрүүлж судлах, дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах академик бэлтгэлээ эртнээс ханган кредитээ дүйцүүлэн суралцах, хөдөлмөрийн зах зээлийн уялдаатай холбоотой Монгол Улсад үүссэн гажуудлыг арилгах, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр хүний нөөц бэлдэх зэрэгт төрөлжсөн ахлах сургууль үр дүнгээ өгнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.