dobu.mndobu

Дэлхийн чанарын долоо хоног "Экспортын чанар-итгэлцлийн баталгаа" сэдэвт зөвлөгөөнөөр эхэллээ

Дэлхийн чанарын долоо хоног  "Экспортын чанар-итгэлцлийн баталгаа" сэдэвт зөвлөгөөнөөр эхэллээ

Дэлхий нийтээр ээлжит Чанарын долоо хоногийг энэ жил “Чанар гүйцэтгэлийн хүч” уриан дор тэмдэглэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсээс Дэлхийн чанарын өдрүүдийг “Экспортын чанар-Итгэлцлийн баталгаа” сэдэвт зөвлөгөөнөөр нээлээ. Зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга Ц.Батдорж нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. 

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын чанарын баталгааг хангахад итгэмжлэлийн гүйцэтгэх үүрэг, түүнд тулгамдаж буй асуудлууд, лабораториудын сорилт ба дээжлэлтийн үнэн зөв байдал, хэмжил зүйн нэгж дамжуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон хувийн хэвшил, итгэмжлэгдсэн байгууллагуудын оролцоо хамтын ажиллагааг сайжруулах, Монголын Үндэсний итгэмжлэлийн төв болон бусад оролцогчдын хамтын ажиллагааны санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой тус зөвлөгөөнийг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Итгэмжлэгдсэн байгууллагуудын ассоциаци, Монголын Итгэмжлэгдсэн лабораториудын үндэсний ассоциаци, Үндэсний итгэмжлэлийн төв, Си Пи Си Эс ХХК хамтран зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин илтгэл тавьж, Чанарын хяналтын хэлтсийн дарга С.Ганцогт, Эрдэнэт үйлдвэрийн Итгэмжлэгдсэн байгууллагуудын өнөөгийн байдал, нэгдсэн тогтолцоогоор итгэмжлэгдсэн үр дүнг танилцуулав. Мөн “Монголын уул уурхайн экспорт: Чанар бол өрсөлдөх чадвар”, “Итгэмжлэл- экспортын бүтээгдэхүүний үр дүнд итгэх олон улсын механизм”, “Нэг дээж, нэг үр дүн, нэг итгэл, Лабораторийн ажилтны ур чадварын уралдааны үр дүн” сэдвээр Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд, “Итгэмжлэгдсэн байгууллагуудын ассоциаци” ТББ-ын Гүйцэтгэх захирал З.Мөнхбат, “Монголын итгэмжлэгдсэн лабораториудын үндэсний ассоциаци” ТББ-ын Ерөнхийлөгч С.Ганцэцэг нар илтгэл тавьж, оролцогчид “Экспортын бүтээгдэхүүний чанарт бид хаана эрсдэл хүлээж байна вэ?”, “Монгол Улсын итгэмжлэгдсэн байгууллагууд экспортод дэмжлэг үзүүлэх нь” агуулгаар хэлэлцүүлж, зөвлөмж шийдвэр гаргав. 

Зөвлөгөөнд оролцогчид эндээс экспортын голлох бүтээгдэхүүний шинжилгээ, сорилтын дотоодын итгэмжлэгдсэн лабораториудын чадавхыг нэмэгдүүлэх, итгэмжлэгдсэн байгууллагуудын үйлчилгээний хүрээг экспортын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, үйлдвэрлэгч, лаборатори, итгэмжлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх, олон улсын харилцан хүлээн зөвшөөрөх механизмын үр өгөөжийг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд бодитоор хүргэх, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний эрх зүйн шинэчлэлд мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг “Экспортын чанарын 5 зөвлөмж”-ийг тодорхойллоо. 

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн итгэмжлэгдсэн сорилт, шалгалт тохируулгын лаборатори, техникийн хяналтын товчоодоос үзэсгэлэн гаргаж, зөвлөгөөний оролцогчдод дэлгэн, сонирхуулав.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.