dobu.mndobu

Пакеттай цайны уутнаас 2,500 хүртэлх бичил хуванцар ялгардаг болохыг судалгаагаар тогтоожээ

Пакеттай цайны уутнаас 2,500 хүртэлх бичил хуванцар ялгардаг болохыг судалгаагаар тогтоожээ

Өдөр тутам хэрэглэдэг  Пакеттай цайны уут халуун усанд дэвтэх үед бичил хуванцар болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй химийн бодис ялгаруулдаг болохыг судлаачид тогтоожээ.

Ялангуяа нейлон зэрэг хуванцар материалаар хийсэн цайны уутыг халуун усанд хийхэд олон тооны бичил хуванцар ундаанд нэвчих эрсдэлтэй байна.

Микропластик буюу бичил хуванцар гэдэг нь таван миллиметрээс жижиг хэмжээтэй хуванцар хэсгүүдийг хэлдэг. Эдгээр нь хоол хүнс, ундны усаар дамжин хүний биед нэвтэрч болзошгүй бөгөөд зарим судалгаагаар үрэвсэл, эсийн гэмтэлтэй холбоотой байж болохыг дурджээ.

Туркийн Режеп Тайип Эрдоганы их сургуулийн судлаачид тус улсад худалдаалагддаг нейлон цайны уутанд туршилт хийсэн байна. Тэд цайны уутыг ойролцоогоор 95 хэмийн халуун, 150 миллилитр усанд гурван минут дэвтээж, гарсан усанд шинжилгээ хийхэд 555-2,498 ширхэг бичил хуванцар тоосонцор илэрчээ.

Судлаачдын үзэж буйгаар халуун усны нөлөөгөөр  пакеттай цайны уутны хуванцар материал задарч, жижиг хэсгүүд болон химийн бодисууд усанд нэвчих боломжтой аж. Тус судалгааг аравдугаар сарын 13-нд олон улсын шинжлэх ухааны npj Science of Food сэтгүүлд нийтэлжээ.

Түүнчлэн судалгааны явцад бичил хуванцараас гадна дааврын үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй бисфенол А (BPA) болон фталат зэрэг химийн бодис илэрсэн байна.

Бисфенол А нь зарим хуванцар хүнсний сав, лаазны дотор бүрхүүлд ашиглагддаг бөгөөд хүний эстроген дааврын үйл ажиллагааг дуурайх боломжтой. Харин фталатыг хуванцрыг илүү уян хатан болгоход ашигладаг бөгөөд зарим гэр ахуйн бүтээгдэхүүнд агуулагддаг. Эдгээр бодис нь өртөлтийн хэмжээ, химийн найрлагаас хамааран дааврын тогтолцоо болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөрөө судлагдсаар байгаа юм.

Мэргэжилтнүүд бичил хуванцарт өртөх эрсдэлийг бууруулахын тулд хуванцар цайны уутны оронд сул навчит цай хэрэглэх, зэвэрдэггүй ган болон керамик материалаар хийсэн цайны хандлагч ашиглахыг зөвлөж байна.

Мөн пакеттай цайны уутны савлагаан дээрх материалын найрлагыг шалгаж, нейлон болон полиэтилен терефталат (PET) зэрэг хуванцар материал агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй аж.

Гэхдээ цаасан цайны уут ч бүрэн хуванцаргүй гэсэн үг биш юм. Зарим бүтээгдэхүүнд уутны амыг битүүмжлэх зорилгоор хуванцар материал ашигладаг тул хэрэглэгчид бүтээгдэхүүний найрлагыг сайтар шалгах шаардлагатайг судлаачид анхааруулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.