dobu.mndobu

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.11.13) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 126 гишүүнээс 81 буюу 64.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хуралдаанаар хэлэлцэх 14 асуудлыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1-т “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатад санаачилсан хуулийн төслийг татаж авч болно”, 32.2-т “Хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар төслөө татан авна”, 32.3-т “Хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслийг татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслийг татан авсанд тооцно” гэж тус тус заасныг дурдаж, хуулийн төсөл татан авахаар ирүүлсэн албан бичгийг уншиж, танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дагалдуулан боловсруулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслөө татан авсан байна.

Хуулийн төслийг эцэслэн баталж, хууль тотоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг явууллаа

photo_2026-11-13_14-28-44.jpg

Хуралдаан хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. Хуралдаанд оролцсон 103 гишүүний 84 буюу 81.6 хувь нь төслийг эцэслэн батлахыг дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт аван, санал хэлсэн. 

Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон 103 гишүүний 84 буюу 81.6 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон 105 гишүүнээс 94 буюу 90 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Уг төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүнээс санаачилсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн санал хураалтаар үргэлжилсэн. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийж, хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

Хуралдаанд оролцсон 106 гишүүний 97 буюу 91.5 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав

photo_2026-11-13_14-28-49 (2).jpg

Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Ингээд “Хуулийн төслийг эцэслэн баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд 107 гишүүн оролцсоны 91 нь дэмжив.

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дүгээр зүйлийн 1-т “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.” гэж заасны дагуу санал хураалтыг явуулсан.

Эцэст нь Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг 110 гишүүний 91 буюу 83.6 хувь, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 83.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 77.5 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 74.1 хувь нь тус тус дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн таван хууль, хоёр тогтоолын төсөл бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлсэн. Тэрбээр юун түрүүнд хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсэг болон нийт гишүүдэд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталсанд талархал илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Дэлхийн эдийн засаг эмзэг, үнийн өсөлтөөс үүдэх эрсдэл өндөр, ээдрээтэй цаг үед Монгол төрийн нэн тэргүүний үүрэг нь иргэд, айл өрхийн орлого, амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хамгаалах явдал байсан. Энэ зарчмын дагуу Та бид ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталсан гэдгийг онцолж байлаа.

Мөн Монгол Улсын 3.5 сая иргэн, 220 мянган орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж бүрд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, ипотекийн зээл, жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл зэрэг төсвийн арга хэмжээгээр дамжуулан төсвийн бодлогыг хүргэхийг зорьсон гээд онцлох зохицуулалтаас дурдлаа.

Тухайлбал ирэх онд,

  • Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй. Энэ хэмжээгээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.
  • 2026 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн суурь тэтгэвэр 2027 онд бүтэн жилээр олгогдож, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болж нэмэгдэж, үүнд 171 мянган иргэн хамрагдана. Мөн асаргааны тэтгэмж нэмэгдэнэ.
  • 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамрагдана.
  • Даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийг Эрүүл мэндийн сангаас 100 хувь хөнгөлнө.
  • Ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж, 16 мянган иргэнд орон сууцны санхүүжилт олгоно.
  • 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна.
  • Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бизнес эрхлэгчид ахмад настныг ажиллуулбал нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
  • Төрийн банкаар дамжуулан 300 сая хүртэлх ам.долларыг олон улсын зах зээлээс татаж, уг эх үүсвэрээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
  • “Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд 2027 онд 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Улсын хэмжээнд нийт 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр баригдана.
  • Эрчим хүчний хараат байдлаас гарах бодлогын хүрээнд 800 мвт шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болно. Ирэх онд 338 км хатуу хучилттай шинэ авто зам баригдана.
  • Эко өрхийг бодлогоор дэмжиж, гал түлдэггүй, утаа гаргадаггүй, яндангүй, жорлонгүй гэр хорооллын өрхүүдэд амины орон сууцад ногоон зээл олгож, хүүгийн татааст 25 тэрбум төгрөг олгоно.
  • 2027 оны 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүрийн ард аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, ажлын байр бий болж, үндэсний компаниуд ажилтай, орлоготой байх, орлого нь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж байлаа.

Улсын Их Хурал хүлээсэн үүргийнхээ хүрээнд ирэх оны Монгол Улсын төсвийг баталсныг Улсын Их Хурлын дарга дурдаад, харин Засгийн газар дотоодын нийлүүлэлт хомстолоос үүдэлтэй үнийн өсөлт бий болгохгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Мөн тэрбээр эдийн засгийн аливаа сорилтод бэлэн байж, иргэдийнхээ орлогыг халаасанд нь үлдээх, дотооддоо хийж болох бүх зохицуулалтыг цаг алдалгүй шуурхай шийдэхийн төлөө хамтдаа зүтгэцгэхийг уриаллаа. Үнийн өсөлтийн дарамтыг иргэн, бизнес эрхлэгчдийн нуруунд үүрүүлэхгүй байх нь Монгол төрийн нэн тэргүүний зорилго гэж үзэж байгаагаа хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ.

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв

photo_2026-11-13_14-28-48.jpg

Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Төсвийн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав. Тэрбээр, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 43.8 хувийн саналаар уг саналыг дэмжээгүй гэдгийг онцолж байлаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жаргалан, Г.Очирбат, А.Ундраа, Ж.Золжаргал, М.Энхцэцэг, Л.Соронзонболд нарын хамт гаргасан зарчмын зөрүүтэй саналыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж байгаатай холбогдуулан нийт санхүүжилтийг Улаанбаатарт бус орон нутагруу хуваарилах, улмаар уг зээлийг зөвхөн бэлэн орон сууцад бус иргэдийн өмчийн газартаа барих амины орон сууцуудыг хамруулах нь чухал гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал тогтоолын төсөлд туссан уг санал Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй хэмээв.

Харин Сангийн сайд З.Мэндсайхан, ирэх онд 1.8 их наяд төгрөгийг ипотекийн зээлийн хүрээнд бэлэн болсон орон сууц руу гаргахаар төлөвлөсөн. Гэхдээ орон нутаг руу ипотекийн зээлийг хуваарилж шийдвэрлэнэ. Учир нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогыг орон нутагт, ялангуяа залуучуудыгаа бүс нутагтаа орон сууцтай болгоход чиглүүлж байна. Мөн Төрийн банкнаас 1.1 их наяд төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээлийг гаргаж байгаа. Холбогдох журамд өөрчлөлт оруулан хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр цэвэр ус, дулаан бохироо шийдвэрлэсэн орон сууц барихад нь зориулж энэ зээлийг гаргана. Түүнчлэн “ногоон зээл”-ийг дэмжинэ хэмээн хариулж байлаа.

Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалтыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.