3
Монгол төрийн ажил “хавх”-нд орчихлоо. Товчхондоо улс төрд үүсээд буй ойлгомжгүй нөхцлөөс үүдэлтэй эргэлзээтэй байдал бий болов. Засгийн газар нь огцрох гээд байгаа ч юм шиг, огцрохгүй ч юм шиг. Ойлгомжгүй байдлаас үүдэлтэй төрийн ажил гацаанд орж, ганц хадаас ч хадахгүй нь бололтой.
Засаг төр солигдох сургаар хоёроос дээш сонгогдсон гишүүд Төрийн ордонд “хурд” хийж байна. Аргаа барахдаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон сонгогдсон гишүүд хуралдаа суухгүй, хаагуур яваад байна” хэмээн сануулж байхав дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь огцрох нь бүү хэл ажлаа хийж байхад дараагийн засагт сайд болох гэсэн гишүүдийн цуваа Төрийн ордны ганц, хоёр өрөө рүү жим гартал харайлгаж байна.
Төрийн ордны хов сонсоход дараагийн Засгийн газар хэдийнэ байгуулагдчихаж. Ерөнхий сайд нь тодорхой болоогүй байхад бүрэлдэхүүн нь хэдийнэ байгуулагдчихсан сураг чих дэлсэнэ.
Батлан хамгаалахын сайдаар “Эрдэнэтийн хаан” Д.Батлут, Боловсролын сайдаар Ч.Ундрам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар “Фитиша” Г.Дамдинням, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар “ББ” Б.Бат-Эрдэнэ, Э.Батшугар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, “сахал” Ж.Бат-Эрдэнэ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болохоор жирийлгэж байгаа бор шувуу хэдийнэ нисчихэж.
МАН-ынхан үнэхээр хоёрдугаар ээлжинд хоолондоо орохоор яарч байгаа хүмүүс олон байна. Төр улсаа бодохгүй төрийн ажил цалгардан гацаж, дуртай нөхдүүд нь сайд болж улсаараа тоглохоор завгүй байна.
Ийнхүү МАН-ын дотор талд хоёрдугаар “ээлж”-ийн өлсгөлөн эхэлжээ. Сайдын суудлын төлөөх тохирооны наймаа туйлдаа хүрчээ. Сайд болох гэсэн улс төрчдийн цуваа, өрөөнүүдийн гадаа үүссэн дараалал бол Монгол төрийн мөн чанарыг гажуудуулсан, ялзралын шууд илрэл юм. Ийм нөхцөлд бодлого ярих, бүтээн байгуулалт ярьж, иргэдийн амьдралыг сайжруулах тухай ярих бол үнэндээ илүүц. Төсөв, бодлого, хууль батлах ч ажил гацлаа. Энэ бол зөвхөн улс төрийн тогтворгүй байдлын үр дагавар биш, харин төрийн үнэт зүйлс, ёс суртахуун, үүрэг хариуцлагыг орвонгоор нь үгүй хийж байгаагийн дохио юм.
Монгол төр бодлогоор бус, сайдын суудлын наймаанд живэх нь. Энэ бол Монголын ард түмний итгэлийг уландаа гишгэсэн, ирээдүйн улс төрийн эмгэнэлийн эхлэл байж мэднэ. Хэрэв “сайдын суудал” Монгол төрийн зорилго болчихсон бол, бид зөвхөн эрх мэдлийн төлөө бус, төрийн институцийг бүхэлд нь “наадам болгож” тоглож байгаа хүмүүсийн золиос болж үлдэнэ.
Асуудал ганц хүний огцрох, эс огцроход биш төрийн тогтвортой, хариуцлагатай, үнэт зүйл дээр тогтсон засаглалын жинхэнэ утга агуулгад оршиж байна. Харин тэр үнэт зүйл өнөөдөр Төрийн ордны шалан дээр өнхөрч байх аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.