dobu.mndobu

Малчин Д.Энхболд: Удахгүй халагдаж ирэх байлдагч хүүгийнхээ морийг уяж, шинэ дээлийг нь урлалаа

Малчин Д.Энхболд: Удахгүй халагдаж ирэх байлдагч хүүгийнхээ морийг уяж, шинэ дээлийг нь урлалаа

2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчид энэ сардаа багтан халагдана. Эх орныхоо өмнө хүлээсэн эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хугацаат цэргийн алба хаагчдыг аймаг, нийслэл, дүүрэг, сум орон нутгийн удирдлага, аав ээж, ах дүү, найз нөхөд, нутгийн зон олон бахархалтайгаар угтан авдаг билээ. Энэ жишгээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол бригадын малчин Дагвадоржийн Энхболд цэргийн албанд мордсон том хүүгээ халагдаж ирэхийг нь сэтгэл догдлон хүлээж, хайртай морьдыг нь уналгад бэлтгэж буйгаа цахим хуудаснаа нийтэлж, тэр нь олон мянган хүний талархал, бахархлыг хүлээжээ.

Малчин аав Д.Энхболдоос сэтгэгдлийг хуваалцахад “Миний том хүү Э.Хосням Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа, удахгүй халагдаж ирнэ. Хүүгээ халагдаж ирэхийг аав, ээж, дүү нар нь сэтгэл догдлон хүлээж байна. Олон мянган аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн эх орны эрхэм албыг нэр төртэй хааж байгаа хүүгээрээ үнэхээр бахархаж байна. Ер нь манай ах дүү, хамаатнууд цэргийн албаар дамжсан улс. Би эхээс тавуулаа. Гурав эрэгтэй нь цөм хугацаат цэргийн албаа хаасан, өдгөө хөвгүүдээ ч энэ сайхан уламжлалыг таслалгүйгээр хаалгаж байгаа нь энэ. Хүүгээ цэргийн тангаргийн баяраар нь эргэж очсон. Аав, ээждээ балчир юм шиг л харагддаг өнөөх маань хангай шиг сайхан залуу болж, хөл, гар нь чийрэгжин чангарч, хэл нь яриа нь тогтуун, өрх тусгаарлаад гарахад бэлэн болсон шиг харагдсан. Зэвсэгт хүчний 339 дүгээр анги хэмээх сайхан хамт олны дунд жинхэнэ цэрэг эр болсон байна лээ миний хүү. Хүүгээ халагдаад ирэх сургаар хайртай морьдыг барьж, уналгад нь бэлтгэж байна.

Шинэ эмээл, хазаарыг нь бэлтгэж, ээж нь шинэ дээлийг нь ч урлалаа. Эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн хүүгээ бид ёс төртэй сайхан угтаж авна даа, насан туршийнх нь сайхан дурсамж болон үлдэг” гэж хариуллаа. Бэлтгэл түрүүч, малчин аав Д.Энхболд том хүү, байлдагч Э.Хоснямын дүү нарыг нь ч нас биед хүрэхээр нь цэргийн албанд нь мордуулна гэж байсан юм.

1 хүн нарын зураг байж магад

Ахмад Д.БОЛОР

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

17 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.