0

ОХУ-ын байгалийн нөөцийн яамны мэдээлснээр энэ онд баавгайн халдлагын улмаас 36 хүн амиа алдсантай холбогдуулан тус улсын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойн 30 хүртэлх хувийг устгах шийдвэр гаргажээ.
Тус яамнаас гаргасан мэдэгдэлд энэхүү арга хэмжээ нь баавгайн тоо толгойг илүү сайн хянах, хүн рүү дайрах тохиолдлуудыг бууруулах зорилготой болохыг тайлбарласан байна.
"Орос улсад энэ оны эхнээс хойш хүрэн баавгай хүнд ойртсон тухай 12,000 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн. Нийт 87 удаагийн халдлага бүртгэгдэж, 36 хүн амиа алдлаа. Нөхцөл байдлыг харгалзан үзээд хязгаарлалтыг өөрчилж, бүс нутаг тус бүрд хүрэн баавгайн нийт тоо толгойн 30 хүртэлх хувийг устгах дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Энэхүү устгалын ажил хэзээ эхлэх, хэр удаан үргэлжлэх талаар дурдаагүй байна.
Энэ долоо хоногийн эхээр Алс Дорнодын Камчаткийн хойгт байрлах амралтын газрын хамгаалалтын ажилтан баавгайд бариулснаар амиа алдсан хүмүүсийн тоо нэгээр нэмэгдсэн юм.
Яамны мэдээлснээр Орос улсад нийт 308,000 хүрэн баавгай байгаа бөгөөд устгах квотыг бүс нутгаас нь хамааруулан харилцан адилгүй тогтоожээ. Тухайлбал Камчаткийн бүс нутагт 14 хувь, Баруун Сибирийн Красноярскийн хязгаарт 19 хувийг устгахаар тогтсон байна.
Яамнаас мөн энэхүү устгалд зориулахаар $970,000 гаруйтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хуваарилсан байна.
Засгийн газрын мэдээллээс үзвэл сүүлийн гучин жилийн хугацаанд хүрэн баавгайн тоо толгой Орос даяар хоёр дахин нэмэгдсэн бөгөөд үүнд өвлийн улирал богинохон, зөөлөн болсон нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.