0

Өмнөд Солонгосын татварын нягтлан бодогчийн мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан оролцогч хиймэл оюун ухаан (AI) ашиглан хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тус улсын энэ жилийн шалгалтын эхний шатанд 160 асуултаас ердөө нэгийг буруу хариулж, 400 онооноос 397.5 оноо авсан Хан овогтой оролцогч дөрөвдүгээр болон долоодугаар сард болсон хоёр шатны шалгалтад хоёуланд нь тэргүүлсэн байна.
Гэвч түүний авсан өндөр оноо эргэлзээ төрүүлж, шалгалтын үеэр ухаалаг нүдний шил ашиглан хуурсан байж болзошгүй гэх хардлага үүссэн юм. Тэрбээр эхэндээ уг мэдээллийг няцааж байсан ч энэ сарын 15-нд өмгөөлөгчөөрөө дамжуулан хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тодруулбал, шалгалтын асуултуудыг б2ичил камер ашиглан гэрэл зурагт буулгаж, хиймэл оюун ухааны хэрэгсэл рүү илгээн хариултыг нь авч, ухаалаг утсаараа шалгаж байсан аж. Тэрбээр Сөүлийн цагдаагийн байгууллагад бичгээр мэдүүлэг өгсөн бөгөөд шударгаар шалгалт өгөөгүйгээ хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн байна.
Энэ хэрэг Өмнөд Солонгосын нийгэмд ихээхэн анхаарал татаж байгаа бөгөөд ирэх пүрэв гарагт болох улсын их, дээд сургуульд элсэх нэгдсэн шалгалтын шударга байдалд ч эргэлзээ үүсгээд байна.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын өндөр албан тушаалтан уг асуудлыг нухацтай авч үзэж байгаагаа мэдэгдэж, элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюун ухаан ашиглан хуурахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгааг мэдээлжээ.
Мөн Ерөнхий сайд Хан Сон Сүк шалгалтыг шударга, хэвийн зохион байгуулахын тулд бэлтгэл ажлыг сайтар хангаж, үйл явцыг эцсийн мөч хүртэл хянах болно гэж мэдэгдсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.