0

БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин их, дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалт буюу Сүнын (Suneung)-ы үеэр гарсан будлиан, маргаантай холбоотойгоор огцрох хүсэлтээ гаргажээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 19-ний Пүрэв гарагт болсон улсын хэмжээний шалгалтын үеэр хиймэл оюун ухаан (AI) ашиглан хуулбарлахаас сэргийлэх зорилгоор сүүлийн мөчид авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгэсэнд хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.
Маргаан үүсэх болсон шалтгаан нь долоо хоногийн өмнө татварын нягтлан бодох бүртгэлийн улсын шалгалтад хамгийн өндөр оноо авсан Хан Вон Сок хэмээх 34 настай эрэгтэй шалгалтын үеэр бичил камер, гар утас болон хиймэл оюун ухаан ашиглан хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал юм.
Тэрбээр шалгалтын асуултуудыг бичил камераар зураг авч, хиймэл оюун ухаанд илгээсний дараа гар утсаараа хариултыг шалгаж байснаа мэдэгджээ. Уг хэрэг ил болсны дараа БНСУ-ын эрх баригчид Сүнын шалгалтын үеэр нууц төхөөрөмж ашиглан хууль бусаар хариулт авах оролдлогоос урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.
Үүний хүрээнд шалгалтын өдөр улсын хэмжээнд гар утас бүрт онцгой байдлын сэрэмжлүүлэг илгээсэн бөгөөд орон нутгийн цагаар 08:00-15:00 цагийн хооронд нийт гурван удаа мэдэгдэл хүргүүлжээ. Уг дохиолол гар утас чимээгүй горимд байсан ч дуугарсан бөгөөд дата роуминг ашиглаж байсан гадаадын жуулчдын утсанд ч очсон байна. Харин утсаа бүрэн унтраасан эсвэл нислэгийн горимд тохируулсан тохиолдолд дохиолол дуугараагүй аж.
Энэ нь БНСУ-ын үндэсний гамшгийн сэрэмжлүүлгийн системийг шалгалтын үеийн хуулалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор анх удаа ашигласан тохиолдол болжээ.
Мөн шалгуулагчид хувцасныхаа товч болон бусад хэсэгт нууц камер нуусан эсэхийг шалгуулах шаардлагатай болсон бөгөөд нүдний шилэнд хүртэл тусгай үзлэг хийсэн байна. Үүний улмаас шударгаар шалгалт өгч байсан сурагчид ч ухаалаг нүдний шил болон бусад төхөөрөмж ашигласан хэмээн буруугаар ойлгогдох вий гэсэн болгоомжлолд автжээ.
БНСУ-ын Боловсролын яамны мэдээлснээр энэ жилийн Сүнын шалгалтад 500 мянга орчим сурагч оролцсоноос зөвшөөрөлгүй ухаалаг төхөөрөмж авч орсон 111 тохиолдол бүртгэгдсэн байна.
Боловсролын сайд Чой Кё Жин “Урьдчилан бэлтгэл хангаж чадаагүй гэсэн шүүмжлэлээс би зайлсхийж чадахгүй. Шалгалт дууссан энэ үед би гүнээ хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлэн огцрох хүсэлтээ гаргаж байна” хэмээн мэдэгджээ.
Улмаар БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён сайдын огцрох хүсэлтийг хүлээн авсан байна.
БНСУ-д жил бүр зохион байгуулагддаг Сүнын шалгалт нь их, дээд сургуульд элсэх боломжийг тодорхойлохоос гадна залуусын цаашдын боловсрол, ажил мэргэжлийн замналд ихээхэн нөлөө үзүүлдэг, улс орны хэмжээнд онцгой ач холбогдолтой шалгалт юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.