dobu.mndobu

Титаникийн сүйрлээс үлдсэн зорчигчдын эд зүйлс дуудлага худалдаагаар сая доллар давж борлуулагджээ

Титаникийн сүйрлээс үлдсэн зорчигчдын эд зүйлс дуудлага худалдаагаар сая доллар давж борлуулагджээ

1912 онд Атлантын далайд живсэн “Титаник” хөлгийн зорчигчдод хамаарах ховор эд зүйлс дуудлага худалдаагаар нийт 1.3 сая ам.доллароос давсан үнээр зарагджээ.

Энэ удаагийн дуудлага худалдааны хамгийн өндөр үнээр зарагдсан эд зүйл нь гуравдугаар зэрэглэлийн зорчигч Мэри Манганы алтан халаасны цаг байв. Уг цагийг 327 мянга 500 орчим ам.доллароор худалдсан нь гуравдугаар зэрэглэлийн зорчигчийн эд зүйлсийн хувьд дээд амжилт болжээ

Харин “Титаник”-ийн зорчигч, хатагтай Дафф Гордоны зүүж явсан алмаазан бөгж 183 мянга 400 орчим ам.долларын үнэд хүрсэн байна.

Мөн нэгдүгээр зэрэглэлийн зорчигч Рамон Артагавейтиа Гомезын бичсэн, усанд норж гэмтсэн захидлыг 104 мянга 800 орчим ам.доллароор худалджээ. Испани хэлээр бичсэн уг захидалд хөлгийн өнгө будаг, доторх температур, хооллох зорчигчдын тоо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг дурдсан байжээ.

Дуудлага худалдаагаар “Титаник”-тай холбоотой 100 гаруй эд зүйл борлуулагдсан байна. Тухайлбал, хөлгийн даатгалын баримт бичиг 35 мянга 400 орчим ам.доллар, ховор тасалбар 59 мянга 600 орчим ам.доллароор тус тус зарагджээ.

Түүнчлэн ослын үеэр аврах ажиллагаанд оролцож, хөлөг живэх хүртэл радио холбооны цэгтээ үлдсэн оператор Жек Филлипсийн эгчдээ бичсэн ил захидлыг 42 мянга орчим ам.доллароор худалдсан байна. Тэрбээр уг ил захидлыг хөлөг Саутгемптон боомтод зогсож байх үеэр, ослоос дөрөв хоногийн өмнө бичжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулсан “Henry Aldridge and Son” компанийн дуудлага худалдааны мэргэжилтэн Эндрю Олдрижийн хэлснээр, эдгээр эд зүйлсийн борлуулалтын нийт дүн нэг сая фунт стерлингээс буюу 1.3 сая ам.доллароос давсан байна.

Тэрбээр “Титаник”-ийн түүх дэлхий даяар өнөөг хүртэл хүмүүсийн сонирхлыг татсаар байгааг энэхүү дуудлага худалдаа харуулж байна хэмээн онцолжээ.

Сануулахад, “Титаник” хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд анхны аяллаа эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны үүрээр Хойд Атлантын далайд мөсөн уул мөргөж живсэн юм. Энэхүү ослын улмаас 1,500 орчим хүн амиа алдсан түүхтэй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.