0

БНХАУ-ын Чунцин хотын 48 настай Чэнь Синьин хэмээх эрэгтэй долоон настайдаа цахилгаанд цохиулж, хоёр гараа алдсан ч амьдралын төлөө тэмцэж, бие даан амьдрах арга ухаанд суралцжээ.
Тэрбээр өдөр тутмын бүхий л ажлыг хөлийн хуруу болон амаа ашиглан хийж сурсан бөгөөд хоол хийх, хувцас угаах, газар тариалан эрхлэх, мал маллах, сагс сүлжих зэрэг олон ажлыг өөрөө амжуулдаг болсон байна.
Гэвч аав нь нас барж, гэр бүлийн амьдралын хариуцлага түүний нуруун дээр иржээ. Улмаар ээжийнх нь биеийн байдал муудаж, хэвтрийн дэглэмд шилжсэнээр Чэнь ээжийгээ асрахын зэрэгцээ өрхийн амьдралаа авч явах болсон байна.
Тэрбээр хоёр га орчим газар тариалан эрхэлж, мал сүргээ маллан, гэрийнхээ бүхий л ажлыг хийдэг байжээ. Мөн ээждээ хоол өгөхдөө халбагыг шүдээрээ зууж барин хооллодог байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Нэгэн удаа тосгоныхон түүнд хотод очиж гуйлга гуйж амьдрахыг санал болгосон ч Чэнь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэрбээр өөрийн хөдөлмөрөөр амьдралаа авч явахыг илүүд үзэж, боломжтой бүхнээ дайчлан ажилласаар байжээ.
Чэнь Синьиний энэхүү түүх 2015 онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдэж, олон нийтийн анхаарлыг татсан юм.
Хоёр гараа алдсан ч амьдралын төлөөх тэмцлээ зогсоогоогүй тэрээр өөрийг нь өсгөсөн ээждээ бүхнээ зориулж, хүнд хэцүү нөхцөлд ч хүн хөдөлмөрлөж, хайртай хүмүүсийнхээ төлөө хэрхэн зүтгэж болдгийг харуулсан нэгэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.